Thursday, 19 June 2008

Монгол ба үндэстний үзэл

Ер нь Монголчуудын үндэстний үзэл гэвэл доорх 2 үзэл суртал голчлон яригдана:
  1. Нармай Монгол буюу Пан-Монголизм
  2. Халх төвтэй үндэстний үзэл

Нармай Монгол үзэл нь нийт Монгол үндэстнийг нэгтгэх үзэл бөгөөд академийн хувьд Буриад голчлон эрдэмтдийн гараар орон дүр төрхөө олсон. Орчин үеийн түүхэнд Читад Буриад хасаг морин цэргийн командлагчийн Япончуудтай хамтарсанаар улс төрд хэрэглэгдэх анхны оролдлого биелэлээ олжээ. Тэнд гар бие оролцож явсан Барон Унгерн мөн Хүрээнд өөрт ашигтайгаар хэрэглэхийг зорьж байв. Шарын шашны том зүтгэлтэн Агван Доржиев мөн энэ үзлийг буддизмтэй хослуулах оролдлого хийж байв. Бас нэгэн тод жишээ нь Японы милитаристууд Манжго улсыг байгуулсныхаа дараагаар "Чингис хааны газар нутгийг Монголчуудад буцааж авч өгнө" гэсэн чихэнд чимэгтэй ухуулга ашиглан (үүнийгээ "Шамбалын Хаанчлал"-аар хачирлаад) Да Ван Дэмчигдонровын монархтай өөрсдийн Мэнжаан хүүхэлдэйн улсыг байгуулж бусад Монголчуудыг өөрсдөндөө татахыг хичээж байв. Нармай Монгол үзэл сурталтай олон чанартай академич нарын дотор Бямбын Ренчин, Жамсрано байна. БНМАУ-ын үед болон одоо ч ихэнх Халх Монголчуудын тааллыг сүрхий их хүлээхгүй авч сүүлийн үед Нармай Монгол үзэлтэй залуучуудын тоо эрс өсөөд байна. Халимагийн ерөнхийлөгч Кирсан Илюмжиновын "Экономичиский Пан-Монголизм" нь бизнес, эдийн засаг дахь Нармай Монголын хэрэглээ бөгөөд үр дүн нь тун удахгүй харагдах болов уу.

Нөгөө Халх төвтэй үндэстний үзэл бол эрдэмтдийн үзгээр цаасан дээр буулгасан нь ховорхон боловч Монгол Улст маш ихээр илрэх үндэстний үзэл юм. Энд ихэнх Халхчуудын бусад Монголчуудыг өөрсдөндөө татахаас илүүтэйгээр түлхэхийг хэлнэ. Бусад улс дахь Монголчуудыгаа хятаджсан, оросжсон, эрлийз; би бол жинхэнэ цэвэр цустай Монгол гэнэ. "Жинхэнэ Халх" гэх явдал нь заримдаа Монгол Улст дотроо яригдана.
Мэдээж Халхууд нийт Монголчууд дотроо тооны харьцааны хувьд ч, мөн тусгаар улсын хамгийн их хүн амтай "ястан" болохын хувьд Монгол хэл, соёл, цусыг үргэлжлүүлэх хамгийн их потенциалтай. Мөн Хөвсгөлийн Дархад, Хөвсгөл-Завханы Хотгойд, Завханы Сартуул, Сүхбаатарын Дариганга зэргийн Халхжсан гэж хэлж болох ба эд ч өөрсдийгөө "Халх" гэнэ.

Мэдээж эдгээр үзэл сурталыг зөв буруу гэж шүүмжлэхийг хичээсэнгүй. Ямар ч байсан томьёололыг ойлгож байхад хэрэгтэй болов уу.

1 comment:

Burenbayar said...

sonirholtoi saihan bichsen shuu, chaash bolvsuraluuj bicheed baigarai.