Saturday, 21 June 2008

Монгол ба шарын шашин

Монгол Улсад сонгууль болж байна. Нэр дэвшигчид сонгогчдын сонирхлыг татахын тулд олон төрлийн арга хэрэглэнэ. Эдний дундаас буддын шашныг хэрэглэх гэсэн башир арга ч харагдсан. Буруу сонсоогүй бол "Буддын Бүгд Найрамдах Улс" гэсэн нэр ч сонсогдож байх шиг. Шарын шашин Монголын тусгаар тогтнолд, үүнээс уламжлаад Монгол үндэстний сонирхолд, ашиг тустай үр дүн үзүүлж байсныг үгүйсгэж болохгүй: өнгөрсөн зууны эхэнд манай том хуврага нар болон язгууртан нар Богд Хаант Монгол Улсыг байгуулж байсан билээ. Тухайн үед шинэ арга цав гарч иртэл энэ нь хамгийн боломж өндөртэй нь байсан нь мэдээж. Яагаад гэвэл шарын шашин Монгол үндэстэн хоёр бие биендээ уусан нэгдсэн нэг соёл мэт болсон байсан ба шашны эрхтнүүд ар түмний сэтгэл санаанд болон эрх мэдлээрээ төрийн хар хүнээс илүү нөлөөтэй байсан нь маргаангүй. Тэгвэл яаж ийм байдалд хүрэв?

Монгол хүний буддын шашинтай харьцаж эхэлсэн тухайд харьцангуй эрт цаг тоолол буюу 9-р зууны үеийн Хятан (Кидан) нарын тухай ярих хэрэгтэй мэт боловч шашны тал дээр Монголчууд Хятанчуудаас юм өвлөж авсан нь ховор. Төвдийн буддын шашны уламжлалыг төрт ёсонд нэвтрүүлсэн нь Хубилай Хааны Пагва ламыг номын багш болгон залж, улааны Сахьягийн сектийг Юаний Монгол ордонд оруулсан явдал байв. Тэгсэн хэдий ч улааны шашин нь ордны эрхтнүүдээс хэтрэхгүй байв.

Хойт Юань улсын үед Түмэдийн Алтан хаан, Төвдийн шарын шашны тэргүүнийг ордондоо залан Далай Лам цол өргөмжлөн үүнээс хойш энэ шашны үе залгамжлан хувилж биеэ олох удирдагч нарыг ийн цоллох болж өнөөг хүрчээ. Энэ үеэс шарын шашин хүчтэй дэлгэрч эхлэв. Дараагийн Далай Ламаар Алтан Хааны ачхүүг сонгож байсан ба Төвдүүд үүнд нь дургүйцэн Лхасаас хөөх хүртэл арга хэмжээ авч байв. Угаас өөрсдийн бие даасан овог аймгуудын хангууд болоод байсан Даян Хааны удмынхан шашинд тусласан, гавьяа байгуулсан бүрийд Далай Ламаас чихэнд чимэгтэй цол бие биеэсээ урьтан хүртэх болцгоон үүгээрээ уралдах болжээ. Энэ занг нь сул тал болгож хараад Манжууд Монголчуудыг зоригт, төрд туслагч гэх мэт өмнөтгөлтэй ван, гүн, бэйл, бэйс, эфү цолоор хөөргөдөж засан тогтоож байсан биз ээ.

Нөгөө биеэ даасан хангуудыг өөртөө татахын тулд хас тамга эзэмшигч Цахарын Лигдэн Хаан уламжлалт улааны шашныг хэрэглэх нь зүй хэмээн бодсон биз. Төвдийн Лхаст ч улааны шашинт Тангуд хаад, түшмэд Далай Ламыг барьж хориод, Лигдэн Хаан ч Халхын Цогт Тайж мэт хамсаатантай болоод ирэв. Ингээд Монголчуудын дунд харь улсын улааны болон шарын шашныг хамгаалах дайн өрнөж, Хөх Нуурт Хошуудын Төрбайх, Цогт Тайжийг ялсан болон Лигдэн Хааны нас барснаар шарын шашны ялалтаар өндөрлөн Монголчууд энэ шашинд сэтгэл шулуудах болов оо.

Энэ үед бас шарын шашинтан болоод байсан Зүрчид (Манж) нар шарын шашны хамгаалагч нар болоод явчив. Монголд Далай Ламаас дутахааргүй Богд Гэгээн Занабазар гэгч Халх Түшээт Ханы нуган үр шарын шашны тэргүүн болон дараа нь хувилж төрөх болсноор Монголыг шарын шашныг ашиглан засахад алс холын Далай Ламыг эрэлхийлэх шаардлагагүй болгов. Энэ нь Богд Жавзандамбын эх үүсвэр. Долон Нуурт Халх ноёдыг цуглуулан Энх Амгалан Хаантай гэрээ байгуулан Манжид дагаар оруулсан хүн нь ч энэ.

Манж Чин гүрэн хувилан төрөх Монгол Богдуудыг ч мөн чадварлагаар ашиглаж байв. Монгол Манжид дагаар орсноор хэдийгээр Монгол чуулга, аймаг, хошуудыг (нэр алдар, алт мөнгөнд цадсан ч) Чингис Хааны удмын ханхүү нар удирддаг байсан боловч Дайчин гүрний үүсгэсэн шашны Шанзудбийн Яамны сахил санваартан нар ард түмний сэтгэлд төрийн хар хүнээс илүү байр суурьтай байв. Төрийн зүгээс шашныг ихэд тэмждэг байсан ба засаг захиргааны зохион байгуулалтанд хүртэл тусч лам нарын шавь хошууд бий болж байв. Мөн зөвхөн тэтгэлэг халамж ба цэрэг дайн, хар ажлаас чөлөөлөлтөнд хамрагдахын тулд олон зуун залуучууд лам болж байсан нь энэ үед Монголын нийгмийн хөгжил муудсаны нэгэн шалтгаан гэж үзэх нь бий.

Сүсэгтэй бишрэлтэй байж болно оо Монголчуудаа, гэхдээ төр засагтайгаа холилдуулахгүй байя гэж хэлмээр байна.

No comments: