Sunday 1 June 2008

Монгол овог аймгууд

Монгол үндэстэн язгуур үндсээрээ нь Алтай язгуурын Монгол хэлний аймгийн хэл/аялагуунуудаар ярьдаг хэд хэдэн овог аймгуудыг хэлнэ. Овог аймгийн бүтэцтэй байх нь яав ч хөгжилгүй болохыг харуулж таарахгүй бөгөөд Монгол үндэстэн нь эд бүгд овог аймгуудыг нэгтгэсэн цөм нэгэн ойлголт гэж бат итгэж буйгаа хэлмээр байна.

Монгол гэдэг дээр тогтсон эдгээр овог аймгуудын тухай авч үзэхээс өмнө Монгол үндэстэн, Монгол язгууртан гэдэг дээр жаахан өргөн авч үзэх хэрэгтэй. Халх, Цахар, Ойрад, Буриад гэх мэтийг Монголын тулгуур нутагт амьдарч байгаа цөм гээд тойргийн хамгийн гаднаас нь эхэлье.

Чингис Хааны удирдлаган дор Монголчууд Евразийн ихэнх газар нутгуудыг эзэлсэн билээ. Иймээс ч Монгол гарвал угсаатай хүмүүс эдгээр бүс нутгуудаар тархсан ба өөр бусад үндэстэнд уусчээ. Энэтхэгт одоо ч Моголын Эзэнт Гүрний язгууртан нарын үр удмыг олж болох жишээтэй. Лал шашинтай болсон Монголчууд түрэгжин өнөөгийн Өзбек, Казак, Татарууд зэрэг үндэстнийг бий болоход тодорхой нөлөөлжээ. Мэдээж энд тэдгээрийг Монголжсон Түрэгүүд, эсвэл Түрэгжсэн Монголчууд гэж хэлэх нь хэтэрхий радикал үзэл болох болов уу. Казакийн овог аймгууд дотор одоо ч Чингис Хааны удмынхныг "Төрэ" хэмээн тусгаалан нэрлэж байдаг боловч Казакстанд байх Төрэчүүд нь Казак үндэстнийг бий болгоход гүйцэтгэсэн үүргээс авхуулаад ярих юм бол яах аргагүй Казак үндэстэн билээ. Тэгээд ч Түрэгүүд бол Монголчуудын цусан хамаатан байхын хамт Чингис Хааны үед болон хожим мөн Монголыг гадаад хэмээн ялгахгүй, Монголчууд мөн тийн ялгалгүй адил байжээ. Францийн эрдэмтэн Jean Paul Roux-гийнхээр бол хоёр Түрэг аймгийн хоорондын зай, нэг Монгол, нэг Түрэг 2 аймгийн хоорондын зайнаас илүү ойрхон байхгүй гэжээ. Гэхдээ энэ байдал одоо ямар байхыг таахад бэрх бизээ.

Нөгөөх өргөн уудам Евразиар Монголчуудыг илрүүлэх радараа ахиад хэсэг хэсүүчилбэл Афганистан голлон Хазарачууд болон Аймагчуудыг харж болно. Хэдийгээр хэл, соёлын хувьд Персжсэн гэж болох боловч нүүр царай, гадаад төрхөөрөө яах аргагүй Монгол шинж нь хадгалагджээ. Эдгээр нь өөрсдийгөө Монгол гэж яах аргагүй хэлэх ба генетикийн судалгаа ч мөн нотолно. Гадаад төрх, шашин шүтлэгээрээ шахагдан нилээд хүнд аж төрөх ба бид эдний ирээдүйн байр сууринд анхаарал тавих хэрэгтэй мэт санагдана. Эдний тухай хожим тодорхой бичих болноо.

БНХАУ-ын алслагдсан бүс нутгуудад мөн Юань гүрний үеэс үлдсэн Канж, Катзо, Сичуаны болон Юннаны Монголчууд байна.

Уламжлалын дагуу Тувачуудыг Тагна уулын Урианхай, ОХУ-ын Алтайчуудыг Алтайн Ойрад гэдэг ба сүүлийн зуун жилд Түрэг хэлтэн өөр үндэстэн гэж ялгах оролдлого их байгаа боловч өөрсдийн түүх, соёл иргэншил нь бидний ойрын хамаатан гэдэг нь илт харагдана.
Монгол Улсын иргэн Тува, Казакууд бол Монгол үндэстэн гэдэг нь тодорхой. БНХАУ-ын зүгээс Хятад дахь Тувачуудыг Монгол үндэстэн гэж үзнэ.

Одоо тойргийнхоо төврүү нь оръё. Бид нар Батмөнх Даян Хааны түмтүүд болон мөн дараа нь гарч ирсэн дөчин дөрвөн хоёрын нэрүүдийг сайн мэднэ.
элгэрэнгүй ерөнхийд Монгол хэлтэн овог аймгуудыыг доорх шиг ангилж болно.
  • Ар Монгол
  • Өвөр Монгол
  • Баруун Монгол буюу Ойрад
  • Барга-Буриад (~436,000 Буриад)
  • Хамниган
  • Дагур Монгол (132,394)
  • Цагаан Монгол (241,198)
  • Шар Уйгур (~5,000)
  • Бонан (16,505) (тлбр: Лал шашинтай)
  • Сант Монгол (513,805) (тлбр: Лал шашинтай)
Жагсаалтынхаа доороос нь эхлье:

Цагаан Монгол (Ту, Монгур), Шар Уйгур (Югур), Сант Монгол (Дуншаан), Бонан зэргийг хэлзүйч эрдэмтэд Ганьсу-Цчинхай комплекс гэж нэрлэсэн байх нь БНХАУ-ын Ганьсу, Цчинхай (Хөх Нуур) бүсүүдэд байхаас үүдсэн ажээ. Цагаан Монголчууд нь өөрсдийгөө Сяньби Туюхун улсын залгамжлагчид гэх ба харин бусад нь Юань гүрний үеэс тэнд нутагласан Монголчуудын үр ач нар билээ. Эдгээрийг БНХАУ-ын засгийн газрын зүгээс тус тусад нь үндэстэн болгож үзнэ.

Дагур Монголчууд нь Хаант Оросынхон Сибирь, Алс Дорнодод цөмрөснөөр хуучин Дагур(ия), одоогийн Чита-Трансбайкалскаас өмнө зүг нүүн суурьшсан ба одоо ӨМӨЗО-ы Морин Даваа Дагур Өөртөө Засах Хошуунд болон Хятадын Манжуур дахь Хар Мөрөн мужид амьдарна. Мөн засгийн газрын зүгээс Монголоос ангид үндэстэнд тооцогдоно.

Монгол Улсын Хэнтий, Дорнод, ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймаг, БНХАУ-ын Хар Мөрөн муж, ОХУ-ын Трансбайкалскт байх цөөн тооны Хамниган Монголчууд нь Монголжсон Хамниганчууд мөн Хамниганжсан Монголчууд юм.

Барга Монголчуудын ихэнх нь ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймагт байна. Мөн Монгол Улсын Зүүн Бүсийн аймгуудад байна. Буриадууд нь ОХУ-ын Буриад БНУ, Эрхүү (Уст-Ордын Буриад), Чита (Агийн Буриад) мужуудад, Монгол Улсын Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгуудад, ӨМӨЗО-ы Хөлөнбуйрт тус тус байна.

Юань гүрэн унасны дараагаар Баруун Монголчууд нь Дөрвөн Ойрадын холбоог байгуулж хүчирхэгжин Хошуудын Ханлиг, Торгууд Ханлиг, Зүүнгарын Хаант улс зэрэг хүчирхэг үүрэг рольтой улсууд байгуулж Монгол, Хятад болон Төв Азийн түүхэнд байр суурь эзэлж байжээ. Ойрадын гол аймгууд нь Өөлд буюу Цорос, Торгууд, Хошууд, Дөрвөд бөгөөд мөн бусад овог аймгууд нь Хойт, Мянгад, Захчин, Баяд, Урианхай. Хотгойд, Дархад нь Халхжсан Ойрад юм.
ОХУ-д нүүж очсон Ойрадууд нь Халимаг БНУ-т байх Халимагууд ба ихэвчлэн Торгууд болон Дөрвөдүүд юм. БНХАУ-т Хөх Нуурын Дээд Монголчууд нь Хошууд; Шинжаан Уйгарын Баянгол, Бортал, Хөбөскарт Торгууд; ӨМӨЗО-ы Алшаа аймагт Өөлд, Торгууд байна. Харин Монгол Улсын баруун аймгуудад Өөлд, Торгууд, Хошууд, Дөрвөд, Хойт, Мянгад, Захчин, Баяд, Урианхай бүгд бий.

Өвөр, Ар Монгол гэдгийн тухайд анхлан Дайчин гүрэнд Цахар, Харчин, Хорчин, Баарин тэргүүтэн Монголчууд даган орсноор дотоод буюу Өвөр Монгол мөн гадаад буюу Ар Монгол гэдэг нэр томьёолол үүссэн гэж үздэг. Ар Монгол гэж Хойт Юаний үед 3 байснаа Дайчин гүрний үед 4 болсон Халх аймгуудыг хэлнэ. Ингээд дээр нь Ховдын Хязгаар, Хөвсгөлийн Хязгаар, Дариганга нэмэгдсэнээр өнөөгийн Монгол Улсын газар нутагийн хэмжээ бий болно.
Ар Монголд Халх аялага нь de facto хэл болж чадсан бол Өвөр Монголд биеэ даасан маш олон тооны овог аймгууд байна.
Дайчин гүрний үеийн Өвөр Монголын 6 чуулган дээр Хөлөнбуйрын Барга, Эзний голын Торгууд хошуу-чуулган, Алшаа Өөлд хошуу-чуулган (сүүлийн хоёр нь одоогийн Алшаа аймаг) зэргийг нийлүүлсэн нь одоогийн ӨМӨЗО-ы хэмжээтэй тэнцэнэ. Барга нь Барга-Буриад, Өөлд, Торгууд нь Ойрадын бүлэгт багтах учир 6 чуулганы Монголчуудын тухай ярих нь зүй болов уу. Гэхдээ Хэбэй муж болон Манжуурын мужуудад нийлүүлэгдсэн хуучин Өвөр Монголын хошуудын тоогоороо нэн их Монголчуудыг ч Өвөр Монгол гэсэн бүлэгт оруулна. Мөн эдгээр чуулгадаас ангид Хөх хотын Түмэд болон Цахар нь аюулгүй байдлын үүднээс Манжид шууд захирагдаж байсныг мартаж болохгүй.
Эдгээр 6 чуулгадын тухай лоорх хүснэгтээс танилцна уу. Хошуудын хуваарилалт хэсгээс ямар овог аймгууд байгааг харж болно.

Чингий үеийн Өвөр Монголын чуулгад Хошуудын хуваарилалтӨнөөгийн байршил
Жирим Хорчин 6
Жалайд 1
Дүрбэт 1
Горлос 1
- 1999-1-13-наас ӨМӨЗО-ы Тонляо хот (Байшинхот)
- Гирин мужид Хиан Горлос МӨЗД
- Хар Мөрөн мужид Дүрбэт МӨЗД
Жост Харчин 3
Түмэд 2
- ӨМӨЗО-ы Улаанхад хот, Ляонин мужийн Чаоян, Фусин тойргуудад хуваагдсан
-Чаоянд Харчин Зүүн МӨЗД
-Фусинд Фусин МӨЗД
Зуу Үд Аохан 1
Найман 1
Баарин 2
Жаруд 2
Ар Хорчин 2
Онгинуд 1
Хишигтэн 1
Зүүн Халх 1
-1983-10-10-наас ӨМӨЗО-ы Улаанхад хот
Шилийн гол Үзэмчин 2
Хуучид 2
Сүнид 2
Авга 2
Авганар 2
-ӨМӨЗО-ы Шилийн Гол аймаг
Улаанцав Дөрвөн Хүүхэд 1
Муу Мянган 1
Урад 3
Баруун Халх 1
-2003-12-1-нээс Улаанцав хот
Их Зуу Ордос 7 -2001-2-26-наас Ордос хот

Өнөөдрийн хувьд БНХАУ нь үндсэн хуулиндаа улсаа олон үндэстний (албан ёсоор танигдсан 56 үндэстэн байна) улс хэмээн заах ба үндэстэн бүр өөрийн өөртөө засах буюу автономит нэгж эсхүл нэгжүүдтэй байна. Хятад дахь Монгол хэлтнүүд нь Монгол, Цагаан Монгол, Шар Уйгар, Дагур, Сант Монгол болон Бонан гэсан 6 үндэстэнг бүрдүүлнэ.

Ар Монгол гэдгээр одоогийн Монгол Улсыг ихэвчлэн авч үзэх ба энд Дайчин гүрний үеийн Халхын Түшээт Хан, Засагт Хан, Сэцэн Хан, Сайн Ноён Хан аймгууд; Ховдын Хязгаар (Ойрад, Тува-Урианхай, Казак, Хотон), Хөвсгөлийн Хязгаар (Дархад, Цаатан), Дариганга нар бүгд орно.

10 comments:

chaanaa said...

horchin ovog ar mongold ch gesen bdag shdee

chaanaa said...

horchin ovog ar mongold ch gsn bdag shdee

Dagvadorj said...

Haana baidag ve?

Unknown said...

Sggsvshs

Unknown said...

Харчин бид одооч гэсэн ар Монголдоо амьдарч байна. Дайны үед салсан хорчин омогийн цус нэгт ахан дүүс минь хаана байна...???

Unknown said...

Харчин бид одооч гэсэн ар Монголдоо амьдарч байна. Дайны үед салсан хорчин омогийн цус нэгт ахан дүүс минь хаана байна...???

Unknown said...

Бид өвөг дээдсээ буулгаж үүх түүхээ мэдэж авсан. ХАРЧИН ХОРЧИН хоёр омог ХАР ЧОНО гэсэн нэгэн нэрэн доор байсан билээ.

Unknown said...

Бид өвөг дээдсээ буулгаж үүх түүхээ мэдэж авсан. ХАРЧИН ХОРЧИН хоёр омог ХАР ЧОНО гэсэн нэгэн нэрэн доор байсан билээ.

Unknown said...

Sggsvshs

Unknown said...

Монгол дахь Цахар сум одоо ямар нэртэй болсон бэ?