Saturday 5 July 2008

Түүхийг төнхчих

Нэг мэдэхэд блог дээрээ "Монгол ба ..." гэсэн гарчигтай бичлэгүүд оруулах болжээ. Үргэлжлэл болгоод "Монгол ба Засаг Захиргааны Хуваарилалт" сэдвээр бичих гэж бодлоо. Өнгөрснөөс одоог хүртэл Монголчууд нутаг усаа хэрхэн яаж засаг захиргааны ангилалд оруулж байсан тухай тоймчлох гэж бодсон хэрэг. Гэнэт яагаад энэ тухай бичих болов, хэн нэгэн ямар зорилгоор үүнийг унших вэ гэсэн бодлууд толгойд эргэлдээд ирэв. Ер нь яагаад "Монгол Үндэстний Сонирхол" гэчихээд сонгууль, улс төрийн намуудыг тойрсон зөндөө асуудалууд байхад түүхийг төнхчөөд байгаа юм болоо, би. Энэ ер нь ямар ач холбогдолтой гэж.

Түүхийг судлах ач холбогдол гэхээр өнгөрснөө танин мэдэх гээд олон өргөн цар хүрээний юмны тухай бодож, санал дэвшүүлж болно. Тэгвэл илүү нарийн ширийндээ ач холбогдол нь юу юм бэ?

Үндэстэн болгон өөрийн зан чанартай, түүний дагаад төрөл бүрийн зүйлд ондоо хандлагатай. Цаг үе, эрин зуун солигдон нийгэм орвонгоороо өөрчлөгдөх боловч үндэстэн болоод хувь хүний онцлог чанар олон жилийн өнгөрсөнтэйгээ ямар ч авцалдаагүй байна гэхэд итгэхэд бэрх. Ямар нэгэн юм байж л таараа. Энэ нь ямарваа нэгэн асуудалтай тулгарахад хэрхэн яаж хандаж шийд гаргаж байгаагаас илрэлээ олно. Монгол ноёд нэр алдарт дуртай байгаа хандлагыг нь Манж нар чадварлагаар ашиглан Монголыг эзэлсэн биз ээ. Мөн Манж нар Монгол ноёдыг мөнгө, шан харамжаар хууран өөртөө татаж, өөрсдөндөө хүлцэнгүй байлгаж чадаж байсан бол өнөөдөр манай намууд ч бас энэ хандлагыг тандан хүүхдийн болон гэр бүлийн мөнгөөр дасгаж байгаад ашигт малтмалын мөнгө амлаж санал худалдаж авч буй биз ээ.

Бид нар түүхээсээ суралцахаас гадна бусад үндэстэн улсууд ч мөн бидэнтэй харьцах хандлагандаа түүхийн улбааг тандаж шийдэл гаргана, мөн ч түүхийг баимталж бидний тухай төсөөлөл бий болгоно. Өөрсдөн тодроо нэг жишээ авахад Баруун Монголчууд Халхуудыг Манжид дагаар орсон гэж буруушаадаг, одоо ч тодорхой төвшинд ийм алхам гаргаж магадгүй хүмүүс гэж боддог. Яг адил нь Өвөр Монголын баруун хэсгийн Цахар болоод зүүн хэсгийн Харчин, Хорчин овгуудын хооронд ч хүчинтэй.

Түүхээ судалснаар бид өөрсдийн юманд яаж хандаж байснаа харж чадна, бас энэхүү хандлага нь ямар үр дагавар дагуулж байсныг ч ойлгож чадна.

Одоо л нэг санаа амарлаа, ингээд "Монгол ба Засаг Захиргааны Хуваарь" гэж гарчиглаад бичихэд ямар ч сэтгэлийн тээг алга.