Saturday, 21 June 2008
Монгол ба шарын шашин
Монгол хүний буддын шашинтай харьцаж эхэлсэн тухайд харьцангуй эрт цаг тоолол буюу 9-р зууны үеийн Хятан (Кидан) нарын тухай ярих хэрэгтэй мэт боловч шашны тал дээр Монголчууд Хятанчуудаас юм өвлөж авсан нь ховор. Төвдийн буддын шашны уламжлалыг төрт ёсонд нэвтрүүлсэн нь Хубилай Хааны Пагва ламыг номын багш болгон залж, улааны Сахьягийн сектийг Юаний Монгол ордонд оруулсан явдал байв. Тэгсэн хэдий ч улааны шашин нь ордны эрхтнүүдээс хэтрэхгүй байв.
Хойт Юань улсын үед Түмэдийн Алтан хаан, Төвдийн шарын шашны тэргүүнийг ордондоо залан Далай Лам цол өргөмжлөн үүнээс хойш энэ шашны үе залгамжлан хувилж биеэ олох удирдагч нарыг ийн цоллох болж өнөөг хүрчээ. Энэ үеэс шарын шашин хүчтэй дэлгэрч эхлэв. Дараагийн Далай Ламаар Алтан Хааны ачхүүг сонгож байсан ба Төвдүүд үүнд нь дургүйцэн Лхасаас хөөх хүртэл арга хэмжээ авч байв. Угаас өөрсдийн бие даасан овог аймгуудын хангууд болоод байсан Даян Хааны удмынхан шашинд тусласан, гавьяа байгуулсан бүрийд Далай Ламаас чихэнд чимэгтэй цол бие биеэсээ урьтан хүртэх болцгоон үүгээрээ уралдах болжээ. Энэ занг нь сул тал болгож хараад Манжууд Монголчуудыг зоригт, төрд туслагч гэх мэт өмнөтгөлтэй ван, гүн, бэйл, бэйс, эфү цолоор хөөргөдөж засан тогтоож байсан биз ээ.
Нөгөө биеэ даасан хангуудыг өөртөө татахын тулд хас тамга эзэмшигч Цахарын Лигдэн Хаан уламжлалт улааны шашныг хэрэглэх нь зүй хэмээн бодсон биз. Төвдийн Лхаст ч улааны шашинт Тангуд хаад, түшмэд Далай Ламыг барьж хориод, Лигдэн Хаан ч Халхын Цогт Тайж мэт хамсаатантай болоод ирэв. Ингээд Монголчуудын дунд харь улсын улааны болон шарын шашныг хамгаалах дайн өрнөж, Хөх Нуурт Хошуудын Төрбайх, Цогт Тайжийг ялсан болон Лигдэн Хааны нас барснаар шарын шашны ялалтаар өндөрлөн Монголчууд энэ шашинд сэтгэл шулуудах болов оо.
Энэ үед бас шарын шашинтан болоод байсан Зүрчид (Манж) нар шарын шашны хамгаалагч нар болоод явчив. Монголд Далай Ламаас дутахааргүй Богд Гэгээн Занабазар гэгч Халх Түшээт Ханы нуган үр шарын шашны тэргүүн болон дараа нь хувилж төрөх болсноор Монголыг шарын шашныг ашиглан засахад алс холын Далай Ламыг эрэлхийлэх шаардлагагүй болгов. Энэ нь Богд Жавзандамбын эх үүсвэр. Долон Нуурт Халх ноёдыг цуглуулан Энх Амгалан Хаантай гэрээ байгуулан Манжид дагаар оруулсан хүн нь ч энэ.
Манж Чин гүрэн хувилан төрөх Монгол Богдуудыг ч мөн чадварлагаар ашиглаж байв. Монгол Манжид дагаар орсноор хэдийгээр Монгол чуулга, аймаг, хошуудыг (нэр алдар, алт мөнгөнд цадсан ч) Чингис Хааны удмын ханхүү нар удирддаг байсан боловч Дайчин гүрний үүсгэсэн шашны Шанзудбийн Яамны сахил санваартан нар ард түмний сэтгэлд төрийн хар хүнээс илүү байр суурьтай байв. Төрийн зүгээс шашныг ихэд тэмждэг байсан ба засаг захиргааны зохион байгуулалтанд хүртэл тусч лам нарын шавь хошууд бий болж байв. Мөн зөвхөн тэтгэлэг халамж ба цэрэг дайн, хар ажлаас чөлөөлөлтөнд хамрагдахын тулд олон зуун залуучууд лам болж байсан нь энэ үед Монголын нийгмийн хөгжил муудсаны нэгэн шалтгаан гэж үзэх нь бий.
Сүсэгтэй бишрэлтэй байж болно оо Монголчуудаа, гэхдээ төр засагтайгаа холилдуулахгүй байя гэж хэлмээр байна.
Thursday, 19 June 2008
Монгол ба үндэстний үзэл
- Нармай Монгол буюу Пан-Монголизм
- Халх төвтэй үндэстний үзэл
Нармай Монгол үзэл нь нийт Монгол үндэстнийг нэгтгэх үзэл бөгөөд академийн хувьд Буриад голчлон эрдэмтдийн гараар орон дүр төрхөө олсон. Орчин үеийн түүхэнд Читад Буриад хасаг морин цэргийн командлагчийн Япончуудтай хамтарсанаар улс төрд хэрэглэгдэх анхны оролдлого биелэлээ олжээ. Тэнд гар бие оролцож явсан Барон Унгерн мөн Хүрээнд өөрт ашигтайгаар хэрэглэхийг зорьж байв. Шарын шашны том зүтгэлтэн Агван Доржиев мөн энэ үзлийг буддизмтэй хослуулах оролдлого хийж байв. Бас нэгэн тод жишээ нь Японы милитаристууд Манжго улсыг байгуулсныхаа дараагаар "Чингис хааны газар нутгийг Монголчуудад буцааж авч өгнө" гэсэн чихэнд чимэгтэй ухуулга ашиглан (үүнийгээ "Шамбалын Хаанчлал"-аар хачирлаад) Да Ван Дэмчигдонровын монархтай өөрсдийн Мэнжаан хүүхэлдэйн улсыг байгуулж бусад Монголчуудыг өөрсдөндөө татахыг хичээж байв. Нармай Монгол үзэл сурталтай олон чанартай академич нарын дотор Бямбын Ренчин, Жамсрано байна. БНМАУ-ын үед болон одоо ч ихэнх Халх Монголчуудын тааллыг сүрхий их хүлээхгүй авч сүүлийн үед Нармай Монгол үзэлтэй залуучуудын тоо эрс өсөөд байна. Халимагийн ерөнхийлөгч Кирсан Илюмжиновын "Экономичиский Пан-Монголизм" нь бизнес, эдийн засаг дахь Нармай Монголын хэрэглээ бөгөөд үр дүн нь тун удахгүй харагдах болов уу.
Нөгөө Халх төвтэй үндэстний үзэл бол эрдэмтдийн үзгээр цаасан дээр буулгасан нь ховорхон боловч Монгол Улст маш ихээр илрэх үндэстний үзэл юм. Энд ихэнх Халхчуудын бусад Монголчуудыг өөрсдөндөө татахаас илүүтэйгээр түлхэхийг хэлнэ. Бусад улс дахь Монголчуудыгаа хятаджсан, оросжсон, эрлийз; би бол жинхэнэ цэвэр цустай Монгол гэнэ. "Жинхэнэ Халх" гэх явдал нь заримдаа Монгол Улст дотроо яригдана.Мэдээж Халхууд нийт Монголчууд дотроо тооны харьцааны хувьд ч, мөн тусгаар улсын хамгийн их хүн амтай "ястан" болохын хувьд Монгол хэл, соёл, цусыг үргэлжлүүлэх хамгийн их потенциалтай. Мөн Хөвсгөлийн Дархад, Хөвсгөл-Завханы Хотгойд, Завханы Сартуул, Сүхбаатарын Дариганга зэргийн Халхжсан гэж хэлж болох ба эд ч өөрсдийгөө "Халх" гэнэ.
Мэдээж эдгээр үзэл сурталыг зөв буруу гэж шүүмжлэхийг хичээсэнгүй. Ямар ч байсан томьёололыг ойлгож байхад хэрэгтэй болов уу.
Sunday, 15 June 2008
Монгол хэлний тайлбар толь хэвлэгдэн гарлаа
"...энэ сайхан өдөр Монгол хэлний тайлбар толь бүтээсэн баярт үйл явдал тохиож байгаад баяртай байна. Толь бичиг бол цэгцэрсэн мэдлэг юм. Цэгцэрсэн мэдлэг бол хөгжлийн эх үндэс болно. Цэгцэрсэн мэдлэгтэй ард түмэн л хөгжлийг бүтээдэг. Толь бичиг бол соёл иргэншлээ авч үлдэх гол багана. Эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсож чаддаг орон л алдахгүй хөгжинө... Угаасаа толь бичиг бол тухайн улс орны өөрийгөө авч үлдэх, өөрийнхөө соёл иргэншлийг авч үлдэж, хөгжүүлэхэд нэгэн чухал суваг байдаг... Манай Академийн нөхдүүд маань энэ ажилд үнэхээр их мэрийн сууж, цаг нартай уралдан, алжаалыг мартаж, бүтээхийг эрхэмлэн, энэ сайхан бүтээлийг туурвиж, өнөөдөр ард түмэндээ өргөн барьж байгаад би Ерөнхийлөгчийн хувьд Шинжлэх ухааны Академи, академичид та бүхэнд, энэ толийг бүтээсэн хүмүүст албан ёсоор халуун талархалаа илэрхийлж, баяр хүргэж байна..."Энэ бол Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаярын шинээр хэвлэгдсэн Монгол хэлний тайлбар толь гарсантай холбогдуулан 2008 оны 5 сарын 6-нд Төрийн Ордонд болсон "Эх хэл-Эрхэв өв" сэдэвт эрдэм шинжилгээний хурал дээр хэлсэн үг.
Ерөнхийлөгчийн маань цэгцэрсэн мэдлэгийн тухай хэлсэн санаа бол яах аргагүй үнэн зүйл болжээ.
Энд өгүүлэгдэн буй шинэ хэвлэлийн маань тухайд гэвэл:
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи Хэл Зохиолын Хүрээлэн
Л.Болд, Л.Балдан, Ё.Баярсайхан, Э.Пүрэвжав, С.Мөнхсайхан, С.Бат-Эрдэнэ, Т.Пүрэвсүрэн, Ц.Батдорж, А.Янжиндолгор, Д.Түвшиндэлгэр
"Монгол Хэлний Дэлгэрэнгүй Тайлбар Толь" 2008 он
5 боть, 3000 гаруй нүүр, 295 хэвлэлийн хуудас болон 80 мянган толгой үг, 120 мянга орчим үгсийн сангийн бие даасан нэгжийг багтаасан
Энэ бүтээлийнх нь төлөө МУ-ын ШУА-ийн нийт академич, эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилчин нарыгаа бахдан баяр хүргэх байна. Энэ эрчээрээ цааш уригшлан дэлхий дээрх нийт Монгол үндэстний хэл соёлын ахиц дэвшилтэд нөлөөлөх бүтээлүүд олноор хийх болтугай гэж ерөөмөөр байна.
Энэ бүтээлийн тухай уншмаар бол:
Friday, 13 June 2008
Үндэстний нэгдмэл байдал
Энэхүү бичлэг нь блогийн "Монгол үндэстний сонирхол" нэрт өмнөх бичлэгийн үргэлжлэл юм."Үндэсний нэгдмэл байдал" гэж ихээр яригддаг. Энэ нь улс доторх өөр өөр үзэл баримтлалтай эсхүл угсаа гаралтай бүлгүүдийн улсынхаа төлөө нэгдмэл, эв найрамдалтай байх гэдэг дээр яригдана. Бичлэгийн гарчиг болгосон "Үндэстний нэгдмэл байдал" гэдэг ухагдахуун дээр жаахан тунгаая гэж бодлоо.
Өнөө эрин үе бол үндэстэн-улсуудын эрин гээд томьёолоод байгаа билээ. Энэ нь Францийн гүн ухаантан Жан Жак Руссогийн суурин томьёолол. Юм бүхэн формалчилсан ёс гормийнхоо дагуу байна гэдэг бол хорвоо дээр маш ховор тохиолдох үзэгдэл гэж хэлж болно. Тиймийн сацуу нэг хэлтэн, нэг соёлтон, нэг гарвалтан үндэстэн болгон өөрийн нэгдсэн үндэстэн-улсыг байгуулаагүй байна.
Яг энэ асуудал маань туйлын ярвигтай мэт. ОХУ, БНХАУ, Испани, Бирм, Балба, Афганистан гэх мэт холбооны засгийн байгуулалтай улсуудад маш олон өөр үндэстэн байх бөгөөд тус тусад нь нөгөө үндэстэн-улс байгуулахын оронд өөрийн харьяалалдаа байлгах илүү сонирхолтой байна. Ингэхдээ бас зарим нь үндэслэлтэй болон үндэслэлгүйгээр нөгөө олон гарвалтай мозайк үндэстнүүдээ нэгэн үндэстэн болгох гэж хичэээнэ. БНХАУ дахь Дундад Улс, Дундадын хүн гэдэг ч үүний тод жишээ. Мөн бас нэгэн жишээ гэвэл Түрэг гаралтайгаас гадна Күрд, Армен, Еврей болон Грек гаралтай иргэдтэй БНТУ-ын үндсэн хуулинд улсын хил доторх хүн бүр Турк гэж заасан байдаг.
Африкийн орнуудад ажиглагдсанаар аль аль нь нэгэн үндэстэн бэ гэдэг дээр маргалдан үндэстэн, хэлтэн болон овог аймгуудын дайн, мөргөлдөөн байнга болсоор байна.
Нэгэн гайхалтай сонин тогтоц гэвэл цагаачлалаар бий болсон улсууд байна. Эдгээрийн тод томруун жишээнүүдэд мэдээж АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Сингапур зэрэг орно. Нөгөө гарвал өөр гэдэг харьцангуйгаар биеллээ олох боловч эдгээр улсууд маш амжилттай урагшилж байна. Ватиканы тогтоц бол мэдээжийн гоц үзэгдэл. Католик шашинтны корпорацийн удирдлагын төв гэж хэлж болно.
Зарим ард түмэн үндэстэн-улсын онолыг маш ухаалгаар ашигласан нь Еврей нарын оргүй хоосон шахмаас дэлхийд зартай Израйль улсаа байгуулсан явдал яах аргагүй мөн.
Бас зарим үндэстэн нь хэд хэдэн үндэстэн-улс байгуулжээ. Хамгийн өргөн хүрээтэй нь Арабын Лигийн улсууд. Хойт Африкийн алс баруун хойгоос Ойрхи Дорнодын Саудын Араб, Кувейт, хойшоо Ирак, Сири зэрэг олон тооны том жижиг улсуудтай Арабууд бүгд нэгдэнэ хэмээн ярьцгаадаг боловч улс төрийнхөн энэ нь боломжгүй гэж нотолсоор байдаг. Бас нэгэн ийм үндэстэн нь Солонгосчууд. Хүйтэн дайны үзэл бодлоороо ялгаатай хоёр камп хоорондоо тулалдан аль ч тал нь ялалт байгуулалгүйгээр Хойт болон Өмнөд Солонгос улсууд бий болжээ. Хоёулаа ардчилсан засагтай гэх ба аль аль нь нөгөөдхийгөө либералчлахыг уриа болгоно. Хоёр Солонгос хоорондоо эв нэгдэлтэй буцааж нэгдэх тал дээр санал нэгтэй гэдгээ илэрхийлцгээдэг. Үзэл бодлын тэмцэл олон улсад адилхан болсны Азид буюу ойрхон бас нэгэн жишээ нь Вьетнам. Энд харин тэмцэлдээн нэг талын ялалтаар өндөрлөн үндэстэн нэгдэж чаджээ. Дээрх 2 жишээний дундуур шийдэл дээр дэнжигнэж байгаа нь манай урд хөрш болон Тайвань дахь өөрсдийгөө Дундад Иргэн Улс гэх Гоминданы нөхөд. БНХАУ болон Тайвань нь ч мөн нэгдэх сонирхолтой байдаг.
Дээр жишээ татсан Арабын улсууд, хоёр Солонгос, Хятад-Тайвань зэрэг нь улс төрийн түвшинд нэгдэхийг зорьж байдаг билээ. Эдгээр үндэстэнгүүдийн дотор улс төрийн хилийн зурвасууд байна. Гэхдээ үндэстний гол онцлог нийтлэг шинж соёл гэдгийг мартаж болохгүй. Тэгвэл эдгээр улс үндэстнүүд энэ тал дээр юу хийж байна вэ? Хилийн зурвасыг үл хамаарсан "үндэстний нэгдмэл байдал" дээр хэрхэн яаж анхаарч байна вэ?
Арабын улсуудын Ислам шашин нь соёлын хувьд нэгдмэл байх боломжийг бүрдүүлж өгнө. Үндэстний нэгдмэл байдлын төлөө тэдний хийсэн хамгийн том шийдвэр нь яах аргагүй бүх улсуудад нь зөвшөөрөгдсөн албан бичиг, хэлийн стандарт юм. Газарзүйн хувьд маш том талбайд тархсан Арабуудын нутгийн аялгуунууд ч мөн ихээхэн ялгаатай. Хэдий тийм ч Куран судар бичигдсэн Сонгодог Араб хэлэн дээр суурилсан "Стандарт Араб" хэмээн нэрлэцгээх болсон хэл бичгийг улс бүр хэрэглэнэ: хаяг тэмдэг, олон нийтийн хэвлэл, ном зохиол, боловсролын системд. Энэ нь дэлхийн бүх Монголчууд босоо Монгол бичгийг албан ёсоор хэрэглэх гэсэн үг. Юу вэ гэвэл дуудлагаараа "гулир" гэж бичигдээд Халхууд "гурил" гэдэг шиг тохиолдол, магадгүй үүнээс илүү содон феноменон тохиолдоно. Тэгсэн хэдий ч Арабууд хүндлэн хэрэглэнэ. Араб хэлний аялагуудын хоорондын ялгаа Монгол аялагуудын ялгаанаас том гэдгйиг санах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол нөгөөх "үндэстний нэгдмэл байдал"-ын төлөө чухам аугаа алхам.
Ийм алхамын жишээ олон байдгийн нэг нь Нанхиад буюу Хятад хэлэн дээр яригдана. Эрдэмтэд Хятад хэл болон доторх аялагууд гэх үү эсвэл Хятад буюу Синитик хэлний аймаг болон доторх хэлнүүд гэх үү гэдэг дээр яг шийдэл өгч чаддаггүй. Нанхиадууд буюу Хань үндэстэн дотор маш олон бүлэг байна. Эдгээрийн заримийг нь ярьдаг хэлээр нь жагсаавал Бэйжин төвтэй Хойт нутгийн Мандарин (улсын хэл Путонхуа нь энэ хэл/аялаган дээр тулгуурласан), Гуандон-Хон Конг хавийн Кантон, Шанхай хавийн Ву, Фужиань-Тайваний Миньч гэх мэт. Хэдийгээр бүгд дүрс үсэг ханзаар бичдэг, нэг ханз бүх хэлэнд ижил утгатай боловч өөр өөрөөр уншигддаг. Хоёр өөр Хятад хэл/аялагын ялгаа Энэтхэг-Европ хэлний аймгийн Перс, Англи хэлнүүдийн ялгаанаас том гэж хүртэл байдаг. Мандаринаас бусад хүмүүс нь тооны хувьд мэдээж үлэмж их: дэлхийн бүх хэлнүүдийг эх хэлээр яригчдийн тоогоор жагсаахад Мандарин 1-т, Ву 12-т, Кантон 22-т, Минь 25-т орсон байна. Яс ярьвал өмнөд нутгийн ард түмний гарвал өөр гэж ч яригдана. Хэдий тийм ч БНХАУ-т албан ёсны хэл нь Мандарин байна. "Нэг улст байгаа юм чинь аргагүй шүү дээ. Энд нөгөө үндэстний нэгдмэл байдлын төлөө юм сүрхий харагдахгүй байна" гэж та хэлж магадгүй. Тэгвэл энэ хэл/аялга чинь тоотой хэдэн Мандаринтай Тайвань, Сингапурт ч гэсэн албан ёсны хэл. Эндээс нөгөө үндэсний нэгдмэл байдлын төлөө алхам харагдаж байгаа юм даа.
Одоо өөрсдөндөө анхаарлаа хандуулцгаая. Монголчууд бас олонхоороо нэг үндэстэн-улст хамрагдаж чадаагүй. Маш олон тооны Монголчууд ОХУ болон БНХАУ-т өөртөө засах байдлаар оршин сууцгааж байна. Бид нар хилийн зурвасыг үл тоох үндэсний нэгдмэл байдалдаа хэр анхаарч байна? Бид нар Арабуудтай адил уламжлалт бичгийн хэлбэрээ ижилсэж чадах уу? Бид нар Нанхиадууд шиг нэг аялагаараа албан ёсоор харилцаж, хэвлэл туурьваж чадах уу? Бид нар энэ мэт чухал зүйлүүдэд хэр анхаардаг вэ? Харсаар байгаад ахан дүүсээ уусгах уу? Эсвэл хамтдаа соёлоо амьдруулах уу?
Монгол овог аймаг, ястны газрын зураг
Tuesday, 3 June 2008
Монгол хэлний аймаг; Монгол хэлний өнөөгийн байдал, ирээдүй
Эдгээр хэлүүд нь үгнүүдэд хойноос нь нөхцөл, дагавар залгагддаг, өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн гэсэн өгүүлбэрийн бүтэцтэй гэдгээрээ онцлогтой. Түрэг хэлний аймагт зүүнээсээ баруун Казак, Уйгур, Киргиз, Өзбек, Татар, Туркмен, Азери, Турк гэх мэт томоохон болон бусад олон хэлүүдийг хамарсан маш өргөн хэлний аймаг.
Тунгус гэдэг нь бидний уламжлан хэлж заншсанаар Хамниган хэлүүд. Манж хэл нь Хамниган хэл бөгөөд мөн Шивэй, Эвэнк, Солон, Эвэн гэх мэтчилэн бусад харьцангуй цөөн тооны хэлээр яригдах болсон хэлүүд байна.
Монгол хэлний үгсийн санд зээлдэгддэг гадаад үгнүүд буюу эсхүл гадаад гаралтай үгүүд дотор Самгарди буюу Санскрит, Төвд, Түрэг, Манж, Нанхиад үгүүд олноор байх ба сүүлийн үед барууны гаралтай үгүүд олноор хэрэглэгдэх болжээ.
Монгол хэлний аймгийг дотор нь системчлэн ангилах гэсэн оролдлого маш олон байдаг. Дээхэн үеийн оролдлогууд нь хэлний шинжлэх ухааны оролдлогоосоо илүү овог аймгийн ангилал болон улс төрийн асуудлууд дээр тулгуурласан гэсэн сул талуудтай байв.
Олон улсын нэр хүндтэй SIL байгууллагын албан ёсны Ethnologue хэвлэлийнхээр (2005, 15 дахь хэвлэл) ISO буюу Олон Улсын Стандартын Байгууллагын хэлний кодтойгоор ангилсныг сонирхвол:
Монгол хэл
- Зүүн
- Дагур
- Дагур [ISO 639-3: dta]1 (Хятад; 1999:96,085; 1990:121,357) 2
- Монгур
- Канж [ISO 639-3: kxs] (Хятад; 1999:377-487; 1999:487)
- Ту буюу Цагаан Монгол [ISO 639-3: mjg] (Хятад; 1999:152,000; 1999:190,000
- Бонан [ISO 639-3: peh] (Хятад; 1999:6,000; 1999:10,000)
- Дуншаан [ISO 639-3: sce] (Хятад; 1990:373,872; 1999:250,000)
- Зүүн Шар Уйгур [ISO 639-3: yuy] (Хятад; 1999:3,000; 2000:6,000)
- Ойрад-Халх
- Баруун
- Могол [ISO 639-3: mhj] (Афганистан; 200)
2 - (Яригддаг улс; Ярьдаг хүний тоо Он:Тоо; Этник бүлэг Он:Тоо)
3 - Тулгуур Монгол гэдэг нь Англи хэлний Proper Mongolia гэдэг үгний шууд орчуулга
4 - Хоёрдогч Монгол гэдэг нь Англи хэлний Peripheral Mongolian гэдэг үгний шууд орчуулга
Энэ нь мэдээж учир дутагдалтай. Ихэвчлэн ӨМӨЗО-нд яригддаг аялагуудын онцлог ялгааг анхаарахгүйгээр "Хоёрдогч Монгол" хэмээн оруулсан нь маш том дутагдал юм. Мөн Монгол, Хятадад яригдах Ойрад аялагуудыг оруулаагүй байна.
Монгол хэлний аймгийг дотор нь ангилах оролдлого олон хийгдэж байсан тухай дурдсан билээ.
Juha Janhunen нарын The Mongolic Languages (2003) номонд Монгол хэлний аймгийн хэлүүдийг ангилсан түүхийг дурьдсаныг доор танилцуулъя. Энэхүү номонд БНХАУ-ын Ганьсу, Цчинхай мужуудад яригдах Цагаан Монгол, Дуншаан, Бонан, Шар Уйгур зэрэг хэлүүдийг хамтатган Ганьсу-Цчинхай комплекс хэмээн нэрлэсэн байх нь элбэг учир энэ жагсаалтанд ч мөн ийн тусах болов уу.
Руднев (1905)
- Зүүн
- Өмнөд (Ордос, Цахар, г.м)
- Зүүн-Хойт (Хорчин, Харчин, Халх, г.м)
- Хойт
- Баруун Буриад
- Зүүн Буриад
- Барга
- Дагур
- Баруун
- Ойрад, Халимаг (Торгууд, Дөрвөд, Өөлд, Хошууд, Хойт)
- бусад (Могол, Ганьсу-Цчинхай комплекс)
Руднев (1911)
- Хойт (Дагур, Буриад, Хорчин, г.м)
- Төв (Халх)
- Өмнөд (Ордос, Цахар, Харчин, г.м)
Владимирцов (1929)
- Баруун Монгол
- Ойрад (Халимагийг агуулна)
- Могол
- Зүүн Монгол
- Буриад
- Барга
- Дагур
- Халх
- Тулгуур Монголын бусад аялагууд (Ордос, Цахар, Харчин, г.м)
- Хойт (Буриад)
- Зүүн буюу Төв (Тулгуур Монгол)
- Баруун (Ойрад)
- Салангид хэлнүүдийн бүлэг (Могол, Дагур, Цагаан Монгол)
- Зүүн Монгол
- Хойт (Буриад, Цонгоол, Сартуул)
- Төв (Халх, Хотгойд)
- Өмнөд (бусад Тулгуур Монгол аялагууд)
- Баруун Монгол (Ойрад)
- Ангид хэлнүүд (Дагур, Могол, Монгур)
- Хойт (Буриад)
- Төв (Халх, Цахар, Ордос)
- Зүүн (Харчин, Хорчин, г.м)
- Баруун (Ойрад, Халимаг)
Beffa, Hamayon (1983)
- Хойт Монгол
- Буриад
- Сэлэнгийн Буриад (Цонгоол, Сартуул)
- Шинэ Барга
- Хуучин Барга
- Төв Монгол
- Халх
- Цахар
- Ордос
- завсрын аялагууд
- Зүүн Монгол
- Зүүн
- Дундад-Зүүн
- Алс-Зүүн
- завсрын аялагууд
- Баруун Монгол
- Илийн болон Халимаг Ойрад
- Монголын Ойрад
- Өвөр Монголын (Алшаа, Эзний) болон Хөх Нуурын Ойрад
- Салангид аялагууд
- Дагур
- Могол
- Шар Уйгур
- Монгур
- Бонан
- Сант
- Баруун (Могол, Сант, Бонан, Монгур)
- Зүүн (Шар Уйгур, Тулгуур Монгол, Буриад, Хамниган, Дагур)
- Ойрад
- Тулгуур Монгол
- Хамниган
- Дагур
- Буриад
- Ордос
- Ойрад
- Халимаг
- Могол
- Шар Уйгур
- Цагаан Монгол
- Бонан
- Сант
Энэхүү номонд Тулгуур Монголыг ийн ангилжээ:
- Жирим
Хорчин, Засагт, Жарууд, Жалайд, Дөрбэт, Горлос - Зуу Үд
Ар Хорчин, Баарин, Онгинуд, Найман, Аохан - Жост
Харчин, Түмэд - Улаанцав
Цахар, Урад, Дархан, Муумянган, Дөрвөн Хүүхэд, Хишигтэн - Шилийн гол
Үзэмчин, Хуучид, Авга, Авганар, Сүнид - Ар Монгол
Халх, Хотгойд, Цонгоол, Сартуул, Дариганга
Ер нь Өвөр Монголыг нийтэд нь аваад үзэх юм бол Монгол Улст Халх аялага lingua franca болж байхад Өвөр Монголд голчлон газарзүйн тархацаар шалтгаалан ийм үнэмлэхүй нөлөөтэй аялага байхгүй юм. Эндээс бичлэгийн маань хоёрдугаар хэсэг буюу Монгол хэлний өнөөгийн байдал, ирээдүй эхэлж байна гэж уншигч та ойлгож болно.
Хэдийгээр Дундад Улсын засгийн газрын зүгээс Шулуун Хөхийн Цахар аялагыг улсын бүх Монгол үндэстний албан ёсны хэл болгон хуулинд заасан боловч энэ аялага нь харайхан Дундадын бүх Монголчууд дотор нэгдүгээр зэрэглэлийн нөлөөтэй хэл болж чадаагүй байна. Академичдийн голчлон хэрэглэдэг Латин хэллэгээр бол энэ аялага нь de jure буюу хуулийн хувьд албан ёсны болж чадсан ч, de facto буюу практикийн хувьд нөлөөтэй болж чадаагүй байна. Хэдийгээр эрт дээр цагаас Цахарууд нь улс төрийн өндөр байр суурьтай байсан боловч өнөөгийн байдлаар энэ аялагаар яригчдын тоо тун цөөн байна. Хамгийн олон хүн ярьдаг нь Хорчин аялагуу боловч хамгийн дорно зүгт байх учир давамгай хэл болоход туйлын бэрх.
Түгэж чадахгүй байгаан гол шалтгаануудын нэг нь мэдээж хэрэг Монгол үндэстний суурьшсан газарзүйн байрлал. Тэгэхээр одоо Өвөр Монголд нэгдмэл нэгэн Монгол аялага байхгүйн хор уршигийн тухай дурдья. Хэдийгээр газарзүйн саадаар бамбай барьж болох ч Дундад дахь Монголчуудын Монголын соёлын өвийн төлөө хийх үйл ажиллагаа бага байна гэж хэлж болох. Худалдааны сүлжээ, боловсрол гээд олон зүйлийг багаж болгон ашиглаад Монголчуудын хоорондын харилцаан дээр тулгуурлан Монгол хэлний идэвхтэй байдлыг хангаж болмоор. Иймэрхүү зүйл багассанаар бүс нутгууд дахь Монгол хэлний хэрэгцээ багасан илүү хэрэгцээтэй өөр бусад хэлээр орлуулах болжээ. БНХАУ-ын Зүүн-Хойт болон Баруун-Хойт нутгийн Монголчуудын эх хэлийг Нанхиад хэл оролж байхад, Төвийн бүсийн Монголчуудын эх хэлийг Төвд, Нанхиад хэл орлоод байна. Хэдийгээр ӨМӨЗО-ы зүгээс багш, сургагч нарыг дайчлан Манжуурын болон Шинжааны Монголчуудын эх хэлний боловсролд анхаарах ажил хийгдэж байгаа боловч энэ нь хангалтгүй байсаар.
Дундадын нийт Монголчууд маань эх Монгол хэлээ гадны өөр хэлээр солихоос өөрийн аялагаа Монгол хэлэн дотроо өөр аялагаар солихыг илүүд үзэх нь маргаангүй бизээ. Үүнийг би өөрөө ч Монгол хүн болохын тул бат итгэлтэй хэллээ.
Энэ бүх асуудлууд маань Өвөрлөгчдийн, цаашлаад Дундадын Монголчуудын нэгдмэл аялагатай болох шаардлагын тухай дурьдаад байгаа мэт болоод ирлээ. Тэгвэл нийт Монгол үндэстний нэгдмэл аялагатай болох илүү боломжтой бөгөөд ашигтай.
Хэлзүйч Svantesson нарын гаргаж ирсэн Монгол хэлний аймаг дотор Тулгуур Монгол бүлгийг ангилсан харьцангуй шинэ (2005) ангилалыг сонирхцгооё! Энэхүү ангилалдаа тэрээр улс төрийн болон овог аймгийн хилийг илүүтэй бага харгалзсанаа онцгойлон тэмдэглэжээ.
- Хойт Халх (1,5 сая)
Төв Халх, Бруун Халхын хойт хэсэг, Дархад (20,000), Хотгойд, Өмнөд Сэлэнгэ "Буриад" (20,000) - Өмнөд Халх (1,1 сая)
Баруун Халхын өмнөд хэсэг, Говийн Халх, Зүүн Халх, Өмнөд Халх, Дариганга (40,000), Шилийн гол (50,000), Улаанцав (30,000), Сүнид (40,000) - Өмнөд Монгол (350,000)
Цахар (100,000), Үзэмчин (75,000), Хэшигтэн (20,000), Ордос (130,000) - Найман (100,000)
- Зүүн Монгол (2,1 сая)
Баарин (110,000), Архорчин (50,000), Их Мянган, Онгинуд (80,000), Харчин (350,000), Түмэд, Хүрээ (80,000), Монголжин, Хорчин (1,1 сая), Горлос (35,000), Хар Мөрний Дөрбэт (35,000), Жалайд (140,000), Жарууд (90,000) - Урад (40,000)
Бичлэгийнхээ үндсэн санааны үргэлжлэлийг өөр гарчгин дор үргэлжлүүлнэ.
Sunday, 1 June 2008
Монгол овог аймгууд
Монгол гэдэг дээр тогтсон эдгээр овог аймгуудын тухай авч үзэхээс өмнө Монгол үндэстэн, Монгол язгууртан гэдэг дээр жаахан өргөн авч үзэх хэрэгтэй. Халх, Цахар, Ойрад, Буриад гэх мэтийг Монголын тулгуур нутагт амьдарч байгаа цөм гээд тойргийн хамгийн гаднаас нь эхэлье.
Чингис Хааны удирдлаган дор Монголчууд Евразийн ихэнх газар нутгуудыг эзэлсэн билээ. Иймээс ч Монгол гарвал угсаатай хүмүүс эдгээр бүс нутгуудаар тархсан ба өөр бусад үндэстэнд уусчээ. Энэтхэгт одоо ч Моголын Эзэнт Гүрний язгууртан нарын үр удмыг олж болох жишээтэй. Лал шашинтай болсон Монголчууд түрэгжин өнөөгийн Өзбек, Казак, Татарууд зэрэг үндэстнийг бий болоход тодорхой нөлөөлжээ. Мэдээж энд тэдгээрийг Монголжсон Түрэгүүд, эсвэл Түрэгжсэн Монголчууд гэж хэлэх нь хэтэрхий радикал үзэл болох болов уу. Казакийн овог аймгууд дотор одоо ч Чингис Хааны удмынхныг "Төрэ" хэмээн тусгаалан нэрлэж байдаг боловч Казакстанд байх Төрэчүүд нь Казак үндэстнийг бий болгоход гүйцэтгэсэн үүргээс авхуулаад ярих юм бол яах аргагүй Казак үндэстэн билээ. Тэгээд ч Түрэгүүд бол Монголчуудын цусан хамаатан байхын хамт Чингис Хааны үед болон хожим мөн Монголыг гадаад хэмээн ялгахгүй, Монголчууд мөн тийн ялгалгүй адил байжээ. Францийн эрдэмтэн Jean Paul Roux-гийнхээр бол хоёр Түрэг аймгийн хоорондын зай, нэг Монгол, нэг Түрэг 2 аймгийн хоорондын зайнаас илүү ойрхон байхгүй гэжээ. Гэхдээ энэ байдал одоо ямар байхыг таахад бэрх бизээ.
Нөгөөх өргөн уудам Евразиар Монголчуудыг илрүүлэх радараа ахиад хэсэг хэсүүчилбэл Афганистан голлон Хазарачууд болон Аймагчуудыг харж болно. Хэдийгээр хэл, соёлын хувьд Персжсэн гэж болох боловч нүүр царай, гадаад төрхөөрөө яах аргагүй Монгол шинж нь хадгалагджээ. Эдгээр нь өөрсдийгөө Монгол гэж яах аргагүй хэлэх ба генетикийн судалгаа ч мөн нотолно. Гадаад төрх, шашин шүтлэгээрээ шахагдан нилээд хүнд аж төрөх ба бид эдний ирээдүйн байр сууринд анхаарал тавих хэрэгтэй мэт санагдана. Эдний тухай хожим тодорхой бичих болноо.
БНХАУ-ын алслагдсан бүс нутгуудад мөн Юань гүрний үеэс үлдсэн Канж, Катзо, Сичуаны болон Юннаны Монголчууд байна.
Уламжлалын дагуу Тувачуудыг Тагна уулын Урианхай, ОХУ-ын Алтайчуудыг Алтайн Ойрад гэдэг ба сүүлийн зуун жилд Түрэг хэлтэн өөр үндэстэн гэж ялгах оролдлого их байгаа боловч өөрсдийн түүх, соёл иргэншил нь бидний ойрын хамаатан гэдэг нь илт харагдана.
Монгол Улсын иргэн Тува, Казакууд бол Монгол үндэстэн гэдэг нь тодорхой. БНХАУ-ын зүгээс Хятад дахь Тувачуудыг Монгол үндэстэн гэж үзнэ.
Одоо тойргийнхоо төврүү нь оръё. Бид нар Батмөнх Даян Хааны түмтүүд болон мөн дараа нь гарч ирсэн дөчин дөрвөн хоёрын нэрүүдийг сайн мэднэ.
элгэрэнгүй ерөнхийд Монгол хэлтэн овог аймгуудыыг доорх шиг ангилж болно.
- Ар Монгол
- Өвөр Монгол
- Баруун Монгол буюу Ойрад
- Барга-Буриад (~436,000 Буриад)
- Хамниган
- Дагур Монгол (132,394)
- Цагаан Монгол (241,198)
- Шар Уйгур (~5,000)
- Бонан (16,505) (тлбр: Лал шашинтай)
- Сант Монгол (513,805) (тлбр: Лал шашинтай)
Цагаан Монгол (Ту, Монгур), Шар Уйгур (Югур), Сант Монгол (Дуншаан), Бонан зэргийг хэлзүйч эрдэмтэд Ганьсу-Цчинхай комплекс гэж нэрлэсэн байх нь БНХАУ-ын Ганьсу, Цчинхай (Хөх Нуур) бүсүүдэд байхаас үүдсэн ажээ. Цагаан Монголчууд нь өөрсдийгөө Сяньби Туюхун улсын залгамжлагчид гэх ба харин бусад нь Юань гүрний үеэс тэнд нутагласан Монголчуудын үр ач нар билээ. Эдгээрийг БНХАУ-ын засгийн газрын зүгээс тус тусад нь үндэстэн болгож үзнэ.
Дагур Монголчууд нь Хаант Оросынхон Сибирь, Алс Дорнодод цөмрөснөөр хуучин Дагур(ия), одоогийн Чита-Трансбайкалскаас өмнө зүг нүүн суурьшсан ба одоо ӨМӨЗО-ы Морин Даваа Дагур Өөртөө Засах Хошуунд болон Хятадын Манжуур дахь Хар Мөрөн мужид амьдарна. Мөн засгийн газрын зүгээс Монголоос ангид үндэстэнд тооцогдоно.
Монгол Улсын Хэнтий, Дорнод, ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймаг, БНХАУ-ын Хар Мөрөн муж, ОХУ-ын Трансбайкалскт байх цөөн тооны Хамниган Монголчууд нь Монголжсон Хамниганчууд мөн Хамниганжсан Монголчууд юм.
Барга Монголчуудын ихэнх нь ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймагт байна. Мөн Монгол Улсын Зүүн Бүсийн аймгуудад байна. Буриадууд нь ОХУ-ын Буриад БНУ, Эрхүү (Уст-Ордын Буриад), Чита (Агийн Буриад) мужуудад, Монгол Улсын Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгуудад, ӨМӨЗО-ы Хөлөнбуйрт тус тус байна.
Юань гүрэн унасны дараагаар Баруун Монголчууд нь Дөрвөн Ойрадын холбоог байгуулж хүчирхэгжин Хошуудын Ханлиг, Торгууд Ханлиг, Зүүнгарын Хаант улс зэрэг хүчирхэг үүрэг рольтой улсууд байгуулж Монгол, Хятад болон Төв Азийн түүхэнд байр суурь эзэлж байжээ. Ойрадын гол аймгууд нь Өөлд буюу Цорос, Торгууд, Хошууд, Дөрвөд бөгөөд мөн бусад овог аймгууд нь Хойт, Мянгад, Захчин, Баяд, Урианхай. Хотгойд, Дархад нь Халхжсан Ойрад юм.
ОХУ-д нүүж очсон Ойрадууд нь Халимаг БНУ-т байх Халимагууд ба ихэвчлэн Торгууд болон Дөрвөдүүд юм. БНХАУ-т Хөх Нуурын Дээд Монголчууд нь Хошууд; Шинжаан Уйгарын Баянгол, Бортал, Хөбөскарт Торгууд; ӨМӨЗО-ы Алшаа аймагт Өөлд, Торгууд байна. Харин Монгол Улсын баруун аймгуудад Өөлд, Торгууд, Хошууд, Дөрвөд, Хойт, Мянгад, Захчин, Баяд, Урианхай бүгд бий.
Өвөр, Ар Монгол гэдгийн тухайд анхлан Дайчин гүрэнд Цахар, Харчин, Хорчин, Баарин тэргүүтэн Монголчууд даган орсноор дотоод буюу Өвөр Монгол мөн гадаад буюу Ар Монгол гэдэг нэр томьёолол үүссэн гэж үздэг. Ар Монгол гэж Хойт Юаний үед 3 байснаа Дайчин гүрний үед 4 болсон Халх аймгуудыг хэлнэ. Ингээд дээр нь Ховдын Хязгаар, Хөвсгөлийн Хязгаар, Дариганга нэмэгдсэнээр өнөөгийн Монгол Улсын газар нутагийн хэмжээ бий болно.
Ар Монголд Халх аялага нь de facto хэл болж чадсан бол Өвөр Монголд биеэ даасан маш олон тооны овог аймгууд байна.
Дайчин гүрний үеийн Өвөр Монголын 6 чуулган дээр Хөлөнбуйрын Барга, Эзний голын Торгууд хошуу-чуулган, Алшаа Өөлд хошуу-чуулган (сүүлийн хоёр нь одоогийн Алшаа аймаг) зэргийг нийлүүлсэн нь одоогийн ӨМӨЗО-ы хэмжээтэй тэнцэнэ. Барга нь Барга-Буриад, Өөлд, Торгууд нь Ойрадын бүлэгт багтах учир 6 чуулганы Монголчуудын тухай ярих нь зүй болов уу. Гэхдээ Хэбэй муж болон Манжуурын мужуудад нийлүүлэгдсэн хуучин Өвөр Монголын хошуудын тоогоороо нэн их Монголчуудыг ч Өвөр Монгол гэсэн бүлэгт оруулна. Мөн эдгээр чуулгадаас ангид Хөх хотын Түмэд болон Цахар нь аюулгүй байдлын үүднээс Манжид шууд захирагдаж байсныг мартаж болохгүй.
Эдгээр 6 чуулгадын тухай лоорх хүснэгтээс танилцна уу. Хошуудын хуваарилалт хэсгээс ямар овог аймгууд байгааг харж болно.
Чингий үеийн Өвөр Монголын чуулгад | Хошуудын хуваарилалт | Өнөөгийн байршил |
Жирим | Хорчин 6 Жалайд 1 Дүрбэт 1 Горлос 1 | - 1999-1-13-наас ӨМӨЗО-ы Тонляо хот (Байшинхот) - Гирин мужид Хиан Горлос МӨЗД - Хар Мөрөн мужид Дүрбэт МӨЗД |
Жост | Харчин 3 Түмэд 2 | - ӨМӨЗО-ы Улаанхад хот, Ляонин мужийн Чаоян, Фусин тойргуудад хуваагдсан -Чаоянд Харчин Зүүн МӨЗД -Фусинд Фусин МӨЗД |
Зуу Үд | Аохан 1 Найман 1 Баарин 2 Жаруд 2 Ар Хорчин 2 Онгинуд 1 Хишигтэн 1 Зүүн Халх 1 | -1983-10-10-наас ӨМӨЗО-ы Улаанхад хот |
Шилийн гол | Үзэмчин 2 Хуучид 2 Сүнид 2 Авга 2 Авганар 2 | -ӨМӨЗО-ы Шилийн Гол аймаг |
Улаанцав | Дөрвөн Хүүхэд 1 Муу Мянган 1 Урад 3 Баруун Халх 1 | -2003-12-1-нээс Улаанцав хот |
Их Зуу | Ордос 7 | -2001-2-26-наас Ордос хот |
Өнөөдрийн хувьд БНХАУ нь үндсэн хуулиндаа улсаа олон үндэстний (албан ёсоор танигдсан 56 үндэстэн байна) улс хэмээн заах ба үндэстэн бүр өөрийн өөртөө засах буюу автономит нэгж эсхүл нэгжүүдтэй байна. Хятад дахь Монгол хэлтнүүд нь Монгол, Цагаан Монгол, Шар Уйгар, Дагур, Сант Монгол болон Бонан гэсан 6 үндэстэнг бүрдүүлнэ.
Ар Монгол гэдгээр одоогийн Монгол Улсыг ихэвчлэн авч үзэх ба энд Дайчин гүрний үеийн Халхын Түшээт Хан, Засагт Хан, Сэцэн Хан, Сайн Ноён Хан аймгууд; Ховдын Хязгаар (Ойрад, Тува-Урианхай, Казак, Хотон), Хөвсгөлийн Хязгаар (Дархад, Цаатан), Дариганга нар бүгд орно.