Saturday, 21 June 2008
Монгол ба шарын шашин
Монгол хүний буддын шашинтай харьцаж эхэлсэн тухайд харьцангуй эрт цаг тоолол буюу 9-р зууны үеийн Хятан (Кидан) нарын тухай ярих хэрэгтэй мэт боловч шашны тал дээр Монголчууд Хятанчуудаас юм өвлөж авсан нь ховор. Төвдийн буддын шашны уламжлалыг төрт ёсонд нэвтрүүлсэн нь Хубилай Хааны Пагва ламыг номын багш болгон залж, улааны Сахьягийн сектийг Юаний Монгол ордонд оруулсан явдал байв. Тэгсэн хэдий ч улааны шашин нь ордны эрхтнүүдээс хэтрэхгүй байв.
Хойт Юань улсын үед Түмэдийн Алтан хаан, Төвдийн шарын шашны тэргүүнийг ордондоо залан Далай Лам цол өргөмжлөн үүнээс хойш энэ шашны үе залгамжлан хувилж биеэ олох удирдагч нарыг ийн цоллох болж өнөөг хүрчээ. Энэ үеэс шарын шашин хүчтэй дэлгэрч эхлэв. Дараагийн Далай Ламаар Алтан Хааны ачхүүг сонгож байсан ба Төвдүүд үүнд нь дургүйцэн Лхасаас хөөх хүртэл арга хэмжээ авч байв. Угаас өөрсдийн бие даасан овог аймгуудын хангууд болоод байсан Даян Хааны удмынхан шашинд тусласан, гавьяа байгуулсан бүрийд Далай Ламаас чихэнд чимэгтэй цол бие биеэсээ урьтан хүртэх болцгоон үүгээрээ уралдах болжээ. Энэ занг нь сул тал болгож хараад Манжууд Монголчуудыг зоригт, төрд туслагч гэх мэт өмнөтгөлтэй ван, гүн, бэйл, бэйс, эфү цолоор хөөргөдөж засан тогтоож байсан биз ээ.
Нөгөө биеэ даасан хангуудыг өөртөө татахын тулд хас тамга эзэмшигч Цахарын Лигдэн Хаан уламжлалт улааны шашныг хэрэглэх нь зүй хэмээн бодсон биз. Төвдийн Лхаст ч улааны шашинт Тангуд хаад, түшмэд Далай Ламыг барьж хориод, Лигдэн Хаан ч Халхын Цогт Тайж мэт хамсаатантай болоод ирэв. Ингээд Монголчуудын дунд харь улсын улааны болон шарын шашныг хамгаалах дайн өрнөж, Хөх Нуурт Хошуудын Төрбайх, Цогт Тайжийг ялсан болон Лигдэн Хааны нас барснаар шарын шашны ялалтаар өндөрлөн Монголчууд энэ шашинд сэтгэл шулуудах болов оо.
Энэ үед бас шарын шашинтан болоод байсан Зүрчид (Манж) нар шарын шашны хамгаалагч нар болоод явчив. Монголд Далай Ламаас дутахааргүй Богд Гэгээн Занабазар гэгч Халх Түшээт Ханы нуган үр шарын шашны тэргүүн болон дараа нь хувилж төрөх болсноор Монголыг шарын шашныг ашиглан засахад алс холын Далай Ламыг эрэлхийлэх шаардлагагүй болгов. Энэ нь Богд Жавзандамбын эх үүсвэр. Долон Нуурт Халх ноёдыг цуглуулан Энх Амгалан Хаантай гэрээ байгуулан Манжид дагаар оруулсан хүн нь ч энэ.
Манж Чин гүрэн хувилан төрөх Монгол Богдуудыг ч мөн чадварлагаар ашиглаж байв. Монгол Манжид дагаар орсноор хэдийгээр Монгол чуулга, аймаг, хошуудыг (нэр алдар, алт мөнгөнд цадсан ч) Чингис Хааны удмын ханхүү нар удирддаг байсан боловч Дайчин гүрний үүсгэсэн шашны Шанзудбийн Яамны сахил санваартан нар ард түмний сэтгэлд төрийн хар хүнээс илүү байр суурьтай байв. Төрийн зүгээс шашныг ихэд тэмждэг байсан ба засаг захиргааны зохион байгуулалтанд хүртэл тусч лам нарын шавь хошууд бий болж байв. Мөн зөвхөн тэтгэлэг халамж ба цэрэг дайн, хар ажлаас чөлөөлөлтөнд хамрагдахын тулд олон зуун залуучууд лам болж байсан нь энэ үед Монголын нийгмийн хөгжил муудсаны нэгэн шалтгаан гэж үзэх нь бий.
Сүсэгтэй бишрэлтэй байж болно оо Монголчуудаа, гэхдээ төр засагтайгаа холилдуулахгүй байя гэж хэлмээр байна.
Thursday, 19 June 2008
Монгол ба үндэстний үзэл
- Нармай Монгол буюу Пан-Монголизм
- Халх төвтэй үндэстний үзэл
Нармай Монгол үзэл нь нийт Монгол үндэстнийг нэгтгэх үзэл бөгөөд академийн хувьд Буриад голчлон эрдэмтдийн гараар орон дүр төрхөө олсон. Орчин үеийн түүхэнд Читад Буриад хасаг морин цэргийн командлагчийн Япончуудтай хамтарсанаар улс төрд хэрэглэгдэх анхны оролдлого биелэлээ олжээ. Тэнд гар бие оролцож явсан Барон Унгерн мөн Хүрээнд өөрт ашигтайгаар хэрэглэхийг зорьж байв. Шарын шашны том зүтгэлтэн Агван Доржиев мөн энэ үзлийг буддизмтэй хослуулах оролдлого хийж байв. Бас нэгэн тод жишээ нь Японы милитаристууд Манжго улсыг байгуулсныхаа дараагаар "Чингис хааны газар нутгийг Монголчуудад буцааж авч өгнө" гэсэн чихэнд чимэгтэй ухуулга ашиглан (үүнийгээ "Шамбалын Хаанчлал"-аар хачирлаад) Да Ван Дэмчигдонровын монархтай өөрсдийн Мэнжаан хүүхэлдэйн улсыг байгуулж бусад Монголчуудыг өөрсдөндөө татахыг хичээж байв. Нармай Монгол үзэл сурталтай олон чанартай академич нарын дотор Бямбын Ренчин, Жамсрано байна. БНМАУ-ын үед болон одоо ч ихэнх Халх Монголчуудын тааллыг сүрхий их хүлээхгүй авч сүүлийн үед Нармай Монгол үзэлтэй залуучуудын тоо эрс өсөөд байна. Халимагийн ерөнхийлөгч Кирсан Илюмжиновын "Экономичиский Пан-Монголизм" нь бизнес, эдийн засаг дахь Нармай Монголын хэрэглээ бөгөөд үр дүн нь тун удахгүй харагдах болов уу.
Нөгөө Халх төвтэй үндэстний үзэл бол эрдэмтдийн үзгээр цаасан дээр буулгасан нь ховорхон боловч Монгол Улст маш ихээр илрэх үндэстний үзэл юм. Энд ихэнх Халхчуудын бусад Монголчуудыг өөрсдөндөө татахаас илүүтэйгээр түлхэхийг хэлнэ. Бусад улс дахь Монголчуудыгаа хятаджсан, оросжсон, эрлийз; би бол жинхэнэ цэвэр цустай Монгол гэнэ. "Жинхэнэ Халх" гэх явдал нь заримдаа Монгол Улст дотроо яригдана.Мэдээж Халхууд нийт Монголчууд дотроо тооны харьцааны хувьд ч, мөн тусгаар улсын хамгийн их хүн амтай "ястан" болохын хувьд Монгол хэл, соёл, цусыг үргэлжлүүлэх хамгийн их потенциалтай. Мөн Хөвсгөлийн Дархад, Хөвсгөл-Завханы Хотгойд, Завханы Сартуул, Сүхбаатарын Дариганга зэргийн Халхжсан гэж хэлж болох ба эд ч өөрсдийгөө "Халх" гэнэ.
Мэдээж эдгээр үзэл сурталыг зөв буруу гэж шүүмжлэхийг хичээсэнгүй. Ямар ч байсан томьёололыг ойлгож байхад хэрэгтэй болов уу.
Friday, 13 June 2008
Монгол овог аймаг, ястны газрын зураг
Sunday, 1 June 2008
Монгол овог аймгууд
Монгол гэдэг дээр тогтсон эдгээр овог аймгуудын тухай авч үзэхээс өмнө Монгол үндэстэн, Монгол язгууртан гэдэг дээр жаахан өргөн авч үзэх хэрэгтэй. Халх, Цахар, Ойрад, Буриад гэх мэтийг Монголын тулгуур нутагт амьдарч байгаа цөм гээд тойргийн хамгийн гаднаас нь эхэлье.
Чингис Хааны удирдлаган дор Монголчууд Евразийн ихэнх газар нутгуудыг эзэлсэн билээ. Иймээс ч Монгол гарвал угсаатай хүмүүс эдгээр бүс нутгуудаар тархсан ба өөр бусад үндэстэнд уусчээ. Энэтхэгт одоо ч Моголын Эзэнт Гүрний язгууртан нарын үр удмыг олж болох жишээтэй. Лал шашинтай болсон Монголчууд түрэгжин өнөөгийн Өзбек, Казак, Татарууд зэрэг үндэстнийг бий болоход тодорхой нөлөөлжээ. Мэдээж энд тэдгээрийг Монголжсон Түрэгүүд, эсвэл Түрэгжсэн Монголчууд гэж хэлэх нь хэтэрхий радикал үзэл болох болов уу. Казакийн овог аймгууд дотор одоо ч Чингис Хааны удмынхныг "Төрэ" хэмээн тусгаалан нэрлэж байдаг боловч Казакстанд байх Төрэчүүд нь Казак үндэстнийг бий болгоход гүйцэтгэсэн үүргээс авхуулаад ярих юм бол яах аргагүй Казак үндэстэн билээ. Тэгээд ч Түрэгүүд бол Монголчуудын цусан хамаатан байхын хамт Чингис Хааны үед болон хожим мөн Монголыг гадаад хэмээн ялгахгүй, Монголчууд мөн тийн ялгалгүй адил байжээ. Францийн эрдэмтэн Jean Paul Roux-гийнхээр бол хоёр Түрэг аймгийн хоорондын зай, нэг Монгол, нэг Түрэг 2 аймгийн хоорондын зайнаас илүү ойрхон байхгүй гэжээ. Гэхдээ энэ байдал одоо ямар байхыг таахад бэрх бизээ.
Нөгөөх өргөн уудам Евразиар Монголчуудыг илрүүлэх радараа ахиад хэсэг хэсүүчилбэл Афганистан голлон Хазарачууд болон Аймагчуудыг харж болно. Хэдийгээр хэл, соёлын хувьд Персжсэн гэж болох боловч нүүр царай, гадаад төрхөөрөө яах аргагүй Монгол шинж нь хадгалагджээ. Эдгээр нь өөрсдийгөө Монгол гэж яах аргагүй хэлэх ба генетикийн судалгаа ч мөн нотолно. Гадаад төрх, шашин шүтлэгээрээ шахагдан нилээд хүнд аж төрөх ба бид эдний ирээдүйн байр сууринд анхаарал тавих хэрэгтэй мэт санагдана. Эдний тухай хожим тодорхой бичих болноо.
БНХАУ-ын алслагдсан бүс нутгуудад мөн Юань гүрний үеэс үлдсэн Канж, Катзо, Сичуаны болон Юннаны Монголчууд байна.
Уламжлалын дагуу Тувачуудыг Тагна уулын Урианхай, ОХУ-ын Алтайчуудыг Алтайн Ойрад гэдэг ба сүүлийн зуун жилд Түрэг хэлтэн өөр үндэстэн гэж ялгах оролдлого их байгаа боловч өөрсдийн түүх, соёл иргэншил нь бидний ойрын хамаатан гэдэг нь илт харагдана.
Монгол Улсын иргэн Тува, Казакууд бол Монгол үндэстэн гэдэг нь тодорхой. БНХАУ-ын зүгээс Хятад дахь Тувачуудыг Монгол үндэстэн гэж үзнэ.
Одоо тойргийнхоо төврүү нь оръё. Бид нар Батмөнх Даян Хааны түмтүүд болон мөн дараа нь гарч ирсэн дөчин дөрвөн хоёрын нэрүүдийг сайн мэднэ.
элгэрэнгүй ерөнхийд Монгол хэлтэн овог аймгуудыыг доорх шиг ангилж болно.
- Ар Монгол
- Өвөр Монгол
- Баруун Монгол буюу Ойрад
- Барга-Буриад (~436,000 Буриад)
- Хамниган
- Дагур Монгол (132,394)
- Цагаан Монгол (241,198)
- Шар Уйгур (~5,000)
- Бонан (16,505) (тлбр: Лал шашинтай)
- Сант Монгол (513,805) (тлбр: Лал шашинтай)
Цагаан Монгол (Ту, Монгур), Шар Уйгур (Югур), Сант Монгол (Дуншаан), Бонан зэргийг хэлзүйч эрдэмтэд Ганьсу-Цчинхай комплекс гэж нэрлэсэн байх нь БНХАУ-ын Ганьсу, Цчинхай (Хөх Нуур) бүсүүдэд байхаас үүдсэн ажээ. Цагаан Монголчууд нь өөрсдийгөө Сяньби Туюхун улсын залгамжлагчид гэх ба харин бусад нь Юань гүрний үеэс тэнд нутагласан Монголчуудын үр ач нар билээ. Эдгээрийг БНХАУ-ын засгийн газрын зүгээс тус тусад нь үндэстэн болгож үзнэ.
Дагур Монголчууд нь Хаант Оросынхон Сибирь, Алс Дорнодод цөмрөснөөр хуучин Дагур(ия), одоогийн Чита-Трансбайкалскаас өмнө зүг нүүн суурьшсан ба одоо ӨМӨЗО-ы Морин Даваа Дагур Өөртөө Засах Хошуунд болон Хятадын Манжуур дахь Хар Мөрөн мужид амьдарна. Мөн засгийн газрын зүгээс Монголоос ангид үндэстэнд тооцогдоно.
Монгол Улсын Хэнтий, Дорнод, ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймаг, БНХАУ-ын Хар Мөрөн муж, ОХУ-ын Трансбайкалскт байх цөөн тооны Хамниган Монголчууд нь Монголжсон Хамниганчууд мөн Хамниганжсан Монголчууд юм.
Барга Монголчуудын ихэнх нь ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймагт байна. Мөн Монгол Улсын Зүүн Бүсийн аймгуудад байна. Буриадууд нь ОХУ-ын Буриад БНУ, Эрхүү (Уст-Ордын Буриад), Чита (Агийн Буриад) мужуудад, Монгол Улсын Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгуудад, ӨМӨЗО-ы Хөлөнбуйрт тус тус байна.
Юань гүрэн унасны дараагаар Баруун Монголчууд нь Дөрвөн Ойрадын холбоог байгуулж хүчирхэгжин Хошуудын Ханлиг, Торгууд Ханлиг, Зүүнгарын Хаант улс зэрэг хүчирхэг үүрэг рольтой улсууд байгуулж Монгол, Хятад болон Төв Азийн түүхэнд байр суурь эзэлж байжээ. Ойрадын гол аймгууд нь Өөлд буюу Цорос, Торгууд, Хошууд, Дөрвөд бөгөөд мөн бусад овог аймгууд нь Хойт, Мянгад, Захчин, Баяд, Урианхай. Хотгойд, Дархад нь Халхжсан Ойрад юм.
ОХУ-д нүүж очсон Ойрадууд нь Халимаг БНУ-т байх Халимагууд ба ихэвчлэн Торгууд болон Дөрвөдүүд юм. БНХАУ-т Хөх Нуурын Дээд Монголчууд нь Хошууд; Шинжаан Уйгарын Баянгол, Бортал, Хөбөскарт Торгууд; ӨМӨЗО-ы Алшаа аймагт Өөлд, Торгууд байна. Харин Монгол Улсын баруун аймгуудад Өөлд, Торгууд, Хошууд, Дөрвөд, Хойт, Мянгад, Захчин, Баяд, Урианхай бүгд бий.
Өвөр, Ар Монгол гэдгийн тухайд анхлан Дайчин гүрэнд Цахар, Харчин, Хорчин, Баарин тэргүүтэн Монголчууд даган орсноор дотоод буюу Өвөр Монгол мөн гадаад буюу Ар Монгол гэдэг нэр томьёолол үүссэн гэж үздэг. Ар Монгол гэж Хойт Юаний үед 3 байснаа Дайчин гүрний үед 4 болсон Халх аймгуудыг хэлнэ. Ингээд дээр нь Ховдын Хязгаар, Хөвсгөлийн Хязгаар, Дариганга нэмэгдсэнээр өнөөгийн Монгол Улсын газар нутагийн хэмжээ бий болно.
Ар Монголд Халх аялага нь de facto хэл болж чадсан бол Өвөр Монголд биеэ даасан маш олон тооны овог аймгууд байна.
Дайчин гүрний үеийн Өвөр Монголын 6 чуулган дээр Хөлөнбуйрын Барга, Эзний голын Торгууд хошуу-чуулган, Алшаа Өөлд хошуу-чуулган (сүүлийн хоёр нь одоогийн Алшаа аймаг) зэргийг нийлүүлсэн нь одоогийн ӨМӨЗО-ы хэмжээтэй тэнцэнэ. Барга нь Барга-Буриад, Өөлд, Торгууд нь Ойрадын бүлэгт багтах учир 6 чуулганы Монголчуудын тухай ярих нь зүй болов уу. Гэхдээ Хэбэй муж болон Манжуурын мужуудад нийлүүлэгдсэн хуучин Өвөр Монголын хошуудын тоогоороо нэн их Монголчуудыг ч Өвөр Монгол гэсэн бүлэгт оруулна. Мөн эдгээр чуулгадаас ангид Хөх хотын Түмэд болон Цахар нь аюулгүй байдлын үүднээс Манжид шууд захирагдаж байсныг мартаж болохгүй.
Эдгээр 6 чуулгадын тухай лоорх хүснэгтээс танилцна уу. Хошуудын хуваарилалт хэсгээс ямар овог аймгууд байгааг харж болно.
| Чингий үеийн Өвөр Монголын чуулгад | Хошуудын хуваарилалт | Өнөөгийн байршил |
| Жирим | Хорчин 6 Жалайд 1 Дүрбэт 1 Горлос 1 | - 1999-1-13-наас ӨМӨЗО-ы Тонляо хот (Байшинхот) - Гирин мужид Хиан Горлос МӨЗД - Хар Мөрөн мужид Дүрбэт МӨЗД |
| Жост | Харчин 3 Түмэд 2 | - ӨМӨЗО-ы Улаанхад хот, Ляонин мужийн Чаоян, Фусин тойргуудад хуваагдсан -Чаоянд Харчин Зүүн МӨЗД -Фусинд Фусин МӨЗД |
| Зуу Үд | Аохан 1 Найман 1 Баарин 2 Жаруд 2 Ар Хорчин 2 Онгинуд 1 Хишигтэн 1 Зүүн Халх 1 | -1983-10-10-наас ӨМӨЗО-ы Улаанхад хот |
| Шилийн гол | Үзэмчин 2 Хуучид 2 Сүнид 2 Авга 2 Авганар 2 | -ӨМӨЗО-ы Шилийн Гол аймаг |
| Улаанцав | Дөрвөн Хүүхэд 1 Муу Мянган 1 Урад 3 Баруун Халх 1 | -2003-12-1-нээс Улаанцав хот |
| Их Зуу | Ордос 7 | -2001-2-26-наас Ордос хот |
Өнөөдрийн хувьд БНХАУ нь үндсэн хуулиндаа улсаа олон үндэстний (албан ёсоор танигдсан 56 үндэстэн байна) улс хэмээн заах ба үндэстэн бүр өөрийн өөртөө засах буюу автономит нэгж эсхүл нэгжүүдтэй байна. Хятад дахь Монгол хэлтнүүд нь Монгол, Цагаан Монгол, Шар Уйгар, Дагур, Сант Монгол болон Бонан гэсан 6 үндэстэнг бүрдүүлнэ.
Ар Монгол гэдгээр одоогийн Монгол Улсыг ихэвчлэн авч үзэх ба энд Дайчин гүрний үеийн Халхын Түшээт Хан, Засагт Хан, Сэцэн Хан, Сайн Ноён Хан аймгууд; Ховдын Хязгаар (Ойрад, Тува-Урианхай, Казак, Хотон), Хөвсгөлийн Хязгаар (Дархад, Цаатан), Дариганга нар бүгд орно.