Showing posts with label Монгол үндэстний сонирхол. Show all posts
Showing posts with label Монгол үндэстний сонирхол. Show all posts

Saturday, 21 June 2008

Монгол ба шарын шашин

Монгол Улсад сонгууль болж байна. Нэр дэвшигчид сонгогчдын сонирхлыг татахын тулд олон төрлийн арга хэрэглэнэ. Эдний дундаас буддын шашныг хэрэглэх гэсэн башир арга ч харагдсан. Буруу сонсоогүй бол "Буддын Бүгд Найрамдах Улс" гэсэн нэр ч сонсогдож байх шиг. Шарын шашин Монголын тусгаар тогтнолд, үүнээс уламжлаад Монгол үндэстний сонирхолд, ашиг тустай үр дүн үзүүлж байсныг үгүйсгэж болохгүй: өнгөрсөн зууны эхэнд манай том хуврага нар болон язгууртан нар Богд Хаант Монгол Улсыг байгуулж байсан билээ. Тухайн үед шинэ арга цав гарч иртэл энэ нь хамгийн боломж өндөртэй нь байсан нь мэдээж. Яагаад гэвэл шарын шашин Монгол үндэстэн хоёр бие биендээ уусан нэгдсэн нэг соёл мэт болсон байсан ба шашны эрхтнүүд ар түмний сэтгэл санаанд болон эрх мэдлээрээ төрийн хар хүнээс илүү нөлөөтэй байсан нь маргаангүй. Тэгвэл яаж ийм байдалд хүрэв?

Монгол хүний буддын шашинтай харьцаж эхэлсэн тухайд харьцангуй эрт цаг тоолол буюу 9-р зууны үеийн Хятан (Кидан) нарын тухай ярих хэрэгтэй мэт боловч шашны тал дээр Монголчууд Хятанчуудаас юм өвлөж авсан нь ховор. Төвдийн буддын шашны уламжлалыг төрт ёсонд нэвтрүүлсэн нь Хубилай Хааны Пагва ламыг номын багш болгон залж, улааны Сахьягийн сектийг Юаний Монгол ордонд оруулсан явдал байв. Тэгсэн хэдий ч улааны шашин нь ордны эрхтнүүдээс хэтрэхгүй байв.

Хойт Юань улсын үед Түмэдийн Алтан хаан, Төвдийн шарын шашны тэргүүнийг ордондоо залан Далай Лам цол өргөмжлөн үүнээс хойш энэ шашны үе залгамжлан хувилж биеэ олох удирдагч нарыг ийн цоллох болж өнөөг хүрчээ. Энэ үеэс шарын шашин хүчтэй дэлгэрч эхлэв. Дараагийн Далай Ламаар Алтан Хааны ачхүүг сонгож байсан ба Төвдүүд үүнд нь дургүйцэн Лхасаас хөөх хүртэл арга хэмжээ авч байв. Угаас өөрсдийн бие даасан овог аймгуудын хангууд болоод байсан Даян Хааны удмынхан шашинд тусласан, гавьяа байгуулсан бүрийд Далай Ламаас чихэнд чимэгтэй цол бие биеэсээ урьтан хүртэх болцгоон үүгээрээ уралдах болжээ. Энэ занг нь сул тал болгож хараад Манжууд Монголчуудыг зоригт, төрд туслагч гэх мэт өмнөтгөлтэй ван, гүн, бэйл, бэйс, эфү цолоор хөөргөдөж засан тогтоож байсан биз ээ.

Нөгөө биеэ даасан хангуудыг өөртөө татахын тулд хас тамга эзэмшигч Цахарын Лигдэн Хаан уламжлалт улааны шашныг хэрэглэх нь зүй хэмээн бодсон биз. Төвдийн Лхаст ч улааны шашинт Тангуд хаад, түшмэд Далай Ламыг барьж хориод, Лигдэн Хаан ч Халхын Цогт Тайж мэт хамсаатантай болоод ирэв. Ингээд Монголчуудын дунд харь улсын улааны болон шарын шашныг хамгаалах дайн өрнөж, Хөх Нуурт Хошуудын Төрбайх, Цогт Тайжийг ялсан болон Лигдэн Хааны нас барснаар шарын шашны ялалтаар өндөрлөн Монголчууд энэ шашинд сэтгэл шулуудах болов оо.

Энэ үед бас шарын шашинтан болоод байсан Зүрчид (Манж) нар шарын шашны хамгаалагч нар болоод явчив. Монголд Далай Ламаас дутахааргүй Богд Гэгээн Занабазар гэгч Халх Түшээт Ханы нуган үр шарын шашны тэргүүн болон дараа нь хувилж төрөх болсноор Монголыг шарын шашныг ашиглан засахад алс холын Далай Ламыг эрэлхийлэх шаардлагагүй болгов. Энэ нь Богд Жавзандамбын эх үүсвэр. Долон Нуурт Халх ноёдыг цуглуулан Энх Амгалан Хаантай гэрээ байгуулан Манжид дагаар оруулсан хүн нь ч энэ.

Манж Чин гүрэн хувилан төрөх Монгол Богдуудыг ч мөн чадварлагаар ашиглаж байв. Монгол Манжид дагаар орсноор хэдийгээр Монгол чуулга, аймаг, хошуудыг (нэр алдар, алт мөнгөнд цадсан ч) Чингис Хааны удмын ханхүү нар удирддаг байсан боловч Дайчин гүрний үүсгэсэн шашны Шанзудбийн Яамны сахил санваартан нар ард түмний сэтгэлд төрийн хар хүнээс илүү байр суурьтай байв. Төрийн зүгээс шашныг ихэд тэмждэг байсан ба засаг захиргааны зохион байгуулалтанд хүртэл тусч лам нарын шавь хошууд бий болж байв. Мөн зөвхөн тэтгэлэг халамж ба цэрэг дайн, хар ажлаас чөлөөлөлтөнд хамрагдахын тулд олон зуун залуучууд лам болж байсан нь энэ үед Монголын нийгмийн хөгжил муудсаны нэгэн шалтгаан гэж үзэх нь бий.

Сүсэгтэй бишрэлтэй байж болно оо Монголчуудаа, гэхдээ төр засагтайгаа холилдуулахгүй байя гэж хэлмээр байна.

Friday, 13 June 2008

Үндэстний нэгдмэл байдал

Энэхүү бичлэг нь блогийн "Монгол үндэстний сонирхол" нэрт өмнөх бичлэгийн үргэлжлэл юм.
"Үндэсний нэгдмэл байдал" гэж ихээр яригддаг. Энэ нь улс доторх өөр өөр үзэл баримтлалтай эсхүл угсаа гаралтай бүлгүүдийн улсынхаа төлөө нэгдмэл, эв найрамдалтай байх гэдэг дээр яригдана. Бичлэгийн гарчиг болгосон "Үндэстний нэгдмэл байдал" гэдэг ухагдахуун дээр жаахан тунгаая гэж бодлоо.

Өнөө эрин үе бол үндэстэн-улсуудын эрин гээд томьёолоод байгаа билээ. Энэ нь Францийн гүн ухаантан Жан Жак Руссогийн суурин томьёолол. Юм бүхэн формалчилсан ёс гормийнхоо дагуу байна гэдэг бол хорвоо дээр маш ховор тохиолдох үзэгдэл гэж хэлж болно. Тиймийн сацуу нэг хэлтэн, нэг соёлтон, нэг гарвалтан үндэстэн болгон өөрийн нэгдсэн үндэстэн-улсыг байгуулаагүй байна.

Яг энэ асуудал маань туйлын ярвигтай мэт. ОХУ, БНХАУ, Испани, Бирм, Балба, Афганистан гэх мэт холбооны засгийн байгуулалтай улсуудад маш олон өөр үндэстэн байх бөгөөд тус тусад нь нөгөө үндэстэн-улс байгуулахын оронд өөрийн харьяалалдаа байлгах илүү сонирхолтой байна. Ингэхдээ бас зарим нь үндэслэлтэй болон үндэслэлгүйгээр нөгөө олон гарвалтай мозайк үндэстнүүдээ нэгэн үндэстэн болгох гэж хичэээнэ. БНХАУ дахь Дундад Улс, Дундадын хүн гэдэг ч үүний тод жишээ. Мөн бас нэгэн жишээ гэвэл Түрэг гаралтайгаас гадна Күрд, Армен, Еврей болон Грек гаралтай иргэдтэй БНТУ-ын үндсэн хуулинд улсын хил доторх хүн бүр Турк гэж заасан байдаг.
Африкийн орнуудад ажиглагдсанаар аль аль нь нэгэн үндэстэн бэ гэдэг дээр маргалдан үндэстэн, хэлтэн болон овог аймгуудын дайн, мөргөлдөөн байнга болсоор байна.
Нэгэн гайхалтай сонин тогтоц гэвэл цагаачлалаар бий болсон улсууд байна. Эдгээрийн тод томруун жишээнүүдэд мэдээж АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Сингапур зэрэг орно. Нөгөө гарвал өөр гэдэг харьцангуйгаар биеллээ олох боловч эдгээр улсууд маш амжилттай урагшилж байна. Ватиканы тогтоц бол мэдээжийн гоц үзэгдэл. Католик шашинтны корпорацийн удирдлагын төв гэж хэлж болно.
Зарим ард түмэн үндэстэн-улсын онолыг маш ухаалгаар ашигласан нь Еврей нарын оргүй хоосон шахмаас дэлхийд зартай Израйль улсаа байгуулсан явдал яах аргагүй мөн.

Бас зарим үндэстэн нь хэд хэдэн үндэстэн-улс байгуулжээ. Хамгийн өргөн хүрээтэй нь Арабын Лигийн улсууд. Хойт Африкийн алс баруун хойгоос Ойрхи Дорнодын Саудын Араб, Кувейт, хойшоо Ирак, Сири зэрэг олон тооны том жижиг улсуудтай Арабууд бүгд нэгдэнэ хэмээн ярьцгаадаг боловч улс төрийнхөн энэ нь боломжгүй гэж нотолсоор байдаг. Бас нэгэн ийм үндэстэн нь Солонгосчууд. Хүйтэн дайны үзэл бодлоороо ялгаатай хоёр камп хоорондоо тулалдан аль ч тал нь ялалт байгуулалгүйгээр Хойт болон Өмнөд Солонгос улсууд бий болжээ. Хоёулаа ардчилсан засагтай гэх ба аль аль нь нөгөөдхийгөө либералчлахыг уриа болгоно. Хоёр Солонгос хоорондоо эв нэгдэлтэй буцааж нэгдэх тал дээр санал нэгтэй гэдгээ илэрхийлцгээдэг. Үзэл бодлын тэмцэл олон улсад адилхан болсны Азид буюу ойрхон бас нэгэн жишээ нь Вьетнам. Энд харин тэмцэлдээн нэг талын ялалтаар өндөрлөн үндэстэн нэгдэж чаджээ. Дээрх 2 жишээний дундуур шийдэл дээр дэнжигнэж байгаа нь манай урд хөрш болон Тайвань дахь өөрсдийгөө Дундад Иргэн Улс гэх Гоминданы нөхөд. БНХАУ болон Тайвань нь ч мөн нэгдэх сонирхолтой байдаг.

Дээр жишээ татсан Арабын улсууд, хоёр Солонгос, Хятад-Тайвань зэрэг нь улс төрийн түвшинд нэгдэхийг зорьж байдаг билээ. Эдгээр үндэстэнгүүдийн дотор улс төрийн хилийн зурвасууд байна. Гэхдээ үндэстний гол онцлог нийтлэг шинж соёл гэдгийг мартаж болохгүй. Тэгвэл эдгээр улс үндэстнүүд энэ тал дээр юу хийж байна вэ? Хилийн зурвасыг үл хамаарсан "үндэстний нэгдмэл байдал" дээр хэрхэн яаж анхаарч байна вэ?

Арабын улсуудын Ислам шашин нь соёлын хувьд нэгдмэл байх боломжийг бүрдүүлж өгнө. Үндэстний нэгдмэл байдлын төлөө тэдний хийсэн хамгийн том шийдвэр нь яах аргагүй бүх улсуудад нь зөвшөөрөгдсөн албан бичиг, хэлийн стандарт юм. Газарзүйн хувьд маш том талбайд тархсан Арабуудын нутгийн аялгуунууд ч мөн ихээхэн ялгаатай. Хэдий тийм ч Куран судар бичигдсэн Сонгодог Араб хэлэн дээр суурилсан "Стандарт Араб" хэмээн нэрлэцгээх болсон хэл бичгийг улс бүр хэрэглэнэ: хаяг тэмдэг, олон нийтийн хэвлэл, ном зохиол, боловсролын системд. Энэ нь дэлхийн бүх Монголчууд босоо Монгол бичгийг албан ёсоор хэрэглэх гэсэн үг. Юу вэ гэвэл дуудлагаараа "гулир" гэж бичигдээд Халхууд "гурил" гэдэг шиг тохиолдол, магадгүй үүнээс илүү содон феноменон тохиолдоно. Тэгсэн хэдий ч Арабууд хүндлэн хэрэглэнэ. Араб хэлний аялагуудын хоорондын ялгаа Монгол аялагуудын ялгаанаас том гэдгйиг санах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол нөгөөх "үндэстний нэгдмэл байдал"-ын төлөө чухам аугаа алхам.

Ийм алхамын жишээ олон байдгийн нэг нь Нанхиад буюу Хятад хэлэн дээр яригдана. Эрдэмтэд Хятад хэл болон доторх аялагууд гэх үү эсвэл Хятад буюу Синитик хэлний аймаг болон доторх хэлнүүд гэх үү гэдэг дээр яг шийдэл өгч чаддаггүй. Нанхиадууд буюу Хань үндэстэн дотор маш олон бүлэг байна. Эдгээрийн заримийг нь ярьдаг хэлээр нь жагсаавал Бэйжин төвтэй Хойт нутгийн Мандарин (улсын хэл Путонхуа нь энэ хэл/аялаган дээр тулгуурласан), Гуандон-Хон Конг хавийн Кантон, Шанхай хавийн Ву, Фужиань-Тайваний Миньч гэх мэт. Хэдийгээр бүгд дүрс үсэг ханзаар бичдэг, нэг ханз бүх хэлэнд ижил утгатай боловч өөр өөрөөр уншигддаг. Хоёр өөр Хятад хэл/аялагын ялгаа Энэтхэг-Европ хэлний аймгийн Перс, Англи хэлнүүдийн ялгаанаас том гэж хүртэл байдаг. Мандаринаас бусад хүмүүс нь тооны хувьд мэдээж үлэмж их: дэлхийн бүх хэлнүүдийг эх хэлээр яригчдийн тоогоор жагсаахад Мандарин 1-т, Ву 12-т, Кантон 22-т, Минь 25-т орсон байна. Яс ярьвал өмнөд нутгийн ард түмний гарвал өөр гэж ч яригдана. Хэдий тийм ч БНХАУ-т албан ёсны хэл нь Мандарин байна. "Нэг улст байгаа юм чинь аргагүй шүү дээ. Энд нөгөө үндэстний нэгдмэл байдлын төлөө юм сүрхий харагдахгүй байна" гэж та хэлж магадгүй. Тэгвэл энэ хэл/аялга чинь тоотой хэдэн Мандаринтай Тайвань, Сингапурт ч гэсэн албан ёсны хэл. Эндээс нөгөө үндэсний нэгдмэл байдлын төлөө алхам харагдаж байгаа юм даа.

Одоо өөрсдөндөө анхаарлаа хандуулцгаая. Монголчууд бас олонхоороо нэг үндэстэн-улст хамрагдаж чадаагүй. Маш олон тооны Монголчууд ОХУ болон БНХАУ-т өөртөө засах байдлаар оршин сууцгааж байна. Бид нар хилийн зурвасыг үл тоох үндэсний нэгдмэл байдалдаа хэр анхаарч байна? Бид нар Арабуудтай адил уламжлалт бичгийн хэлбэрээ ижилсэж чадах уу? Бид нар Нанхиадууд шиг нэг аялагаараа албан ёсоор харилцаж, хэвлэл туурьваж чадах уу? Бид нар энэ мэт чухал зүйлүүдэд хэр анхаардаг вэ? Харсаар байгаад ахан дүүсээ уусгах уу? Эсвэл хамтдаа соёлоо амьдруулах уу?

Saturday, 31 May 2008

Монгол үндэстний сонирхол


Язгууртныг яамтан орлов
Эзэнт гүрнээс иргэн улс болов
Энэ хоёр мөрөөр дэлхийн сүүлийн хэдэн зуун жилийн бүтээл болсон дэг жаягийг тодорхойлж болно. Европийн ард түмэн хэмжээгүй эрхт хаант засгийг халж; Ром, Грекийн үеэс улбаатай гэцгээсэн "ардчилал"-ыг эрхэмлэн үзэх болов. Английн Magna Corta, Францийн хувьсгал, АНУ-ын тусгаар тогтнол гээд цоо шинэ ардчилсан засаглалууд бий болцгоож байв. Зарим газар Британи, Японд болсон шиг хаанаа халалгүйгээр хэмжээг нь бууруулсан, парлиаментийн засаглал тогтоохыг эрмэлзэгчид гарсан боловч Дайчин гүрэн, Османы Эзэнт Гүрэн гээд задарч унах улсууд ч байв. Иймэрхүү үйл явдал Балба болон бусад зарим улсуудыг оруулбал одоо ч үргэлжилж байна. Колончлогчдын зүгээс барууны дэгтэй танилцаад байсан улсууд дараа нь хэлтэн, үндэстэн гэдэг шинэ дэг журамтай танилцаж, үндэстэн хэлтнээрээ өөрсдийн үндэстэн-улсуудыг байгуулан хуваагдаж эхлэв. Одоо ч Африкт "жинхэнэ утгаараа хуваагдахын" тулд цус асгаруулсаар байна. Хэдийгээр ардчилалыг дээдлэх тухай хүн болгон ярих боловч хүчтэй том үндэстэн-улсуудад ч бас энэ асуудал дээр өөрсдийн ноо байна. "Хүчтэй нь хүчгүйгээ дийлнэ" гэсэн хууль хэзээ ч гэсэн мөрдөгдөнө гэдэг нь зайлшгүй нэгэн дэг биз ээ.

Тэгэхээр энэ асар том өөрчлөлтийн хамгийн том тэсрэлт нь 20-р зууны эхэнд болсон гэж ойлгож болно. Энэхүү ардчилал гэдэг зүйлд хүрэх олон үзэл бодлын арга зам байх нь тодорхой бөгөөд нөгөө ардчилсан, ардчилахын төлөө тэмцсэн болон ардчилалыг олоход нь тусалсан ард түмнүүд коммунист, капиталист гэх арга замууд байна гэж үзээд дараа нь талцаж сонгоцгоон хоорондоо тэмцэлцэцгээв. Тэмцэл дуусаад овоо ч удсан гэж ойлгож болох он цаг нь өнөөгийн бидний амьдарч буй он цаг юм.

Энэ өөрчлөлтийн салхинд Чингисийн Монгол ямар зам замнав?

Нэгэн цагт Евразийн ихэнхийг эзлэсэн баатарлаг ард түмний их удирдагч Чингис Хааны удмынхны өв залгамжилсан язгууртай улсууд олноор байгуулагдсан боловч ихэнх нь соёл, хэл болон цусаараа уусч эцэст нь нэг нэгээрээ бусад улс орнуудад эзлэгдэв. Монголчуудын язгуурын нутаг оронд Юань улсыг Нанхиадуудад алдсан Хойт Юанийхан болон голчлон Цагаадайн Улсын залгамж Дөрвөн Ойрадууд гэж байснаа Манж Дайчин гүрний харьяа болсон боловч Чингис Хааны удмын ханхүү, тайж нар өөрсдийн аймаг, чуулгадын захирч байв. Дайчин гүрний унах үед олон Монгол язгууртан ноёд тусгаар улс болохыг зорин тэмцэж байв. Гэсэн хэдий ч аль Хойт Юань улсын үеэс Ар, Өвөр, Баруун гэж хуваагдсан байснаас улбаалсан уу, Гоминданы хүчнийхнээс ч болов уу нэгдсэн нэгэн бүхэл болж чадахгүй байв. Тэгсээр дэлхийд болж байсан урсгалыг даган нэг л мэдэхэд Алтайн Ойрад, Тагна Урианхай, Буриад, Халимаг нь Монголын цөмөөс салан Зөвлөлтийн харьяа болсон ба Зөвлөлтийн түнш БНМАУ, мөн Зөвлөлттэй түншлэн дотооддоо ялалт байгуулсан БНХАУ-ын харьяанд хамгийн том нь ӨМӨЗО болох хэд хэдэн Монгол автономит нэгжүүд бий болсон байв. Нөгөө үзэл бодлын тэмцэлдээн капиталистуудын ялалтаар төгссөн ба БНМАУ нь Монгол Улс болов. Зөвлөлт нь задран ОХУ болон хэд хэдэн бүгд найрамдах улсууд болсон боловч нөгөө Алтайн Ойрад, Тагна Урианхай, Буриад, Халимаг нь ОХУ-ын харьяа хэвээрээ үлдэв.

Одоо бид төрийг яамтан хамаарах иргэн улсуудын буюу бүгд найрамдах улсуудын иргэд. Монгол Улсын болон Монгол үндэстний ирээдүйд иргэн бүр санаа зовинон өөрсдийгөө болон бусдыг танин мэдэн мөн ч шинийг ирэлхийлэх учиртай билээ.

Үндэстэн-улсуудын эрин дэх Монгол үндэстний сонирхол нь Монгол үндэстэн ард түмний тусгаар тогтнол болон өөртөө засах эрхт байдлыг хамгаалах, соёлын бат холбоотой байх, эдийн засаг, нийгмийн хөгжилд эрэлхийлэх, Монгол гэсэн онцлогийг хадгалан цаг үетэйгээ нийцэн хөгжиж урагшлахыг хэлнэ. Ингэхдээ мөн л Хүний Эрхийн Нийтлэг Тунхаглалыг эрхэмлэн ах дүү бусад орнуудтай эв нэгдлийг эрхэмлэх хэрэгтэй билээ.