Thursday, 27 November 2008

Монгол хаана байдаг вэ? (1-р хэсэг)

Уул нь Монгол бол маш хүчирхэг үндэстэн. Түүх үүнийг нотолно. Дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрнийг байгуулж явсан нь балар эртний үе биш. Харин тэгтэл одоо мэдлэг дутмаг нэгэн нь Монгол Улсыг Орос, Хятад хоёрын асуудлуудын дунд жийргэвч байх ганц зорилготой улс, хуучин Зөвлөлтийн харьяа байсан, Монгол үндэстэн бол Түрэг үндэстний нэгэн салбар, Монгол нь 400 жил Хятадын эрхшээлд байсан мэтээр бодож, сэтгэж байна.

Нэвтэрхий толь, ном бичиг бүр дээд Монгол нь газарзүй, иргэншил, нөлөөллийн хүрээнд хаана багтах вэ гэдэг дээр шийд өгч чадаагүй байдаг: газарзүйн хувьд Зүүн Хойт Ази уу, Төв Ази уу; иргэншлийн хувьд Буддын уу; нөлөөллийн хүрээний хувьд Хятадын уу, Оросын уу гээд. Доор Монгол яг хаана багтах вэ гэдэг шийд гаргахын тулд хэдэн сэдвээр жаахан анализ хийе! Улсуудыг газарзүй, иргэншил, нөлөөллийн хүрээгээр нь ангилах нь улс төрийнхөөс дутхааргүй сэтгэл санааны нөлөөлөлтэй бөгөөд хамтдаа яригдаж байж нэгэн цөмийг бий болгоно. Тийм болохоор энд тус тусад нь нарийвчилж авч үзэхээсээ илүүтэйгээр хольж авч үзэх нь утга төгөлдөр болох байх. Доор маш олон улс, үндэстний нэр гарах ба илүү бодитой төсөөлөлтэй болох гэсэн хэн нэгэн нь хүн амын гэх мэт мэдээллийг харвал зохилтой.

Төв Азид голчлон Түрэг хэлтэн давамгай, Лал шашинт улсууд байдаг. Эдгээр улсууд нь Казакстан, Өзбэкстан, Түркменстан, Азербайжан, Киргизстан, Тажикстан гэж хамгийн түрүүн санаанд орж ирнэ. Дээр нь нэмэгдээд Афганистаныг бас оруулах нь бий. Эдгээр нь бүгд Лал шашинтай, эхний 5 нь Түрэг хэлтэн улсууд, сүүлийн хоёр нь давамгайлан Перс хэлтэн. Тиймээс Тажикстан, Афганистан хоёр нь Ирантай цугтаа нэгэн бүлэгт орж болно. Энд Иран дахь хэт үзэл саад болно гэж хэлж болно. Учир нь Иран нь Лал шашны Шиа урсгалыг дагадаг байхад нөгөө хоёр нь Сүнни урсгалтай. Иранд олон тооны Шиа шашинтай Азери байх ба нийгэмд Перс хүн амаас ялгардаггүй. Харин Азербайжаны хүн ам нь Сүнни гэдгийг хэлмээр байна. Афганистаны хүн ам ч мөн нэгэн хэвийн биш. Талаас ялимхан илүү хувь нь Паштун буюу Афган, үлдсэн нь Белуч бас Перс хэлний Дари аялгуугаар ярьдаг Өзбэк, Түркмен, Хазара, Аймаг, Тажик зэрэг үндэстэнгүүд. Хазара болон Аймаг нь Дундад Зууны морьтон Монгол баатруудын үр сад гэдэг нь батлагдаад байгаа, Хазара нь Шиа, Аймаг нь Сүнни. Хазара нь Талибаны үед маш их хохирол амссан боловч, содонгоосоо болоод ч нөгөө Чахар Дөрбөн Аймагаа бодвол дэлхий нийтэд илүү анхаарал татна. Аймагуудын хувьд гэвэл бодит тоогоор олон боловч Тажик, Өзбек бүртгэлтэй болж Аймаг гэж хэлэх хүний тоо цөөрсөөр байна.

Одоо сэдвийн гол болсон улс, үндэстэнгүүд дээр илүү анхаарлаа хандуулья. Эрдэмтэдийн Түрэг хэлийг ангилснаар эдгээр улсуудын цөмийг бүрдүүлэх үндэстэнгүүдээс Азери, Түркмэнчүүдийг Огуз, Казак, Өзбэк, Киргизүүд Кипчак бүлэгт багтана. Ер нь Лал шашинтан Мусльманчуудаас Казак, Өзбэкүүд хамгийн бага шашинсаг гэгдэх ба хэдий Лал шашинт гэх боловч 200-гаад жилийн өмнөөс л Лал маягаар амьдарч эхэлсэн гэж үзнэ. Киргизүүд Уйгарын дараа цөөхөн хэдэн жил Монгол газар нутагт ноёлсон, Нууц Товчоонд “хиргис” гэж тэмдэглэгдсэн, хуучин Енисей мөрний хавьцаа амьдардаг байгаад урагш нүүсэн байна, тэр ч утгаараа Тува, Алтай үндэстэнгүүд нь хэлээрээ Киргизтэй их ойр. Киргизүүд нь үндэстэнгээ Хар Киргиз, Казак Киргиз гэж хуваагаад өөрсдөө Хар Киргиз, харин Казакууд бол Казак Киргиз гэнэ, Казакууд бол Киргиз гаралтай гэж буй мэт. Хаант Орос болон Зөвлөлтийн үед одоогийн Казакстан, Киргизстаныг Киргизүүдийн газар гэдэг байгаад Казак-Киргиз гэдэг болжээ. Харин Казакуудын ургийн бичгийн агуулга нь өөр. Казакууд нь ерөнхийдөө 3 бүлэгт ангилагдана: улу жүз (их зуу), орта жүз (дунд зуу), киши жүз (бага зуу). Дээр нь бас цөөн тооны хүмүүс Чингис Хааны цэвэр удмынхны бүрдүүлэх бүри, Зүүнгарын Улсаас олзлогдсодын удмынхны тэлэүт, Араб багш нарын удмын хожа гэсэн овгууд байна. Казак үндэстэн нь олон нүүдэлчин аймгуудын удмынхнаас бүрдэнэ. Энд бидний мэдэх хэрэйд, наймангууд хүн амын хувьд давамгай байр суурьтай. Дунд зууны Хэрэйд болон Найман аймгууд Монголжиж байсан Түрэг үү, Түрэгжиж байсан Монгол уу гэдэг нь маргаантай. Баян-Өлгийд дунд зуугийн хэрэйд, наймангууд байна. Ер нь Казакуудын үзэл сурталаас харахад, тэд улсаа Алтан Ордны Улсын залгамж гэж хэлэх дуртай. Зүчийн удмын нэр хүнд онцгой. Тэгсэн хэдий ч үндэстний суурь тавигдсан гол гавьяаг Зүүнгарын Хаант Улсын эсрэг дайн хийсэн Аблай хаанд тохоодог. Модернчлэл, шинэчлэл Орос ах нарыг дагаж ирсэн гэж үздэг, Орос хэлийг хэрэглэх дуртай. Өзбэкүүд харьцангуй сүүлд Орост эзлэгдсэн ба Бухарын Халифт Улсын сүүлчийн удирдагч Алим Хаан нь Чингис Хааны удмын хүн байсан. Доголон Төмөр Хааныг үндэсний удирдагч, өвөг дээдэс хэмээн хүндэлнэ. Ер нь Төв Азийн дээрх үндэстэнгүүд Монгол, Түрэг голчлон мөн харьцангуй бага хэмжээний Перс, Кавказ цус холилдон бүрдсэн. Монголын Эзэнт Гүрэн Юань гүрэн, Алтан Ордны Улс, Цагаадайн Улс, Илхаадын Улс болон хуваагдахад Юань гүрнээс бусад улсууд дахь Монгол хаад, ноёд авхуулан Лал шашигтан болоод анхлан Монгол-Түрэг болсноо хэл ус, ард түмнээ дагаад Түрэгжсэн байна. Тэр явцад Цагаадай Түрэг хэл үүсэн дараа нь Өзбэк, Уйгар болон хуваагджээ. Холилдсон байдлыг дурдахад Казак үндэстэнд Монгол, Кипчак; Өзбэк үндэстэнд Монгол, Харлаг цус байна. Харлагууд нь мөн одоогийн Уйгар хүн амд гол байр суурь эзэлнэ.

Төв Азийн тухай ярихад Түрк Улсын тухай хэдэн юм хэлэх хэрэгтэй. Бусдаасаа арай өөр зам замнасан гэдэг утгаар нь бас Османы Эзэнт гүрний нөлөө болон Түркийн БНУ-ын оролцоогоор нь Барууныхан (болон Түркүүд өөрсдөө) Төв Ази гэхээсээ илүү Европи болон Ойрхи Дорнотой холбож үзнэ. Османы Эзэнт гүрний сүүлийн үеийн Дайны Яамны Сайд Пан-Түрк үзэлтэй байсан. Одоо ч Түркийн нийгэм, академи болон улс төрт үндсэрхэг, Пан-Түрк үзэлтэй хүмүүс, холбоод элбэг бий. Энд Татаруудын ч нөлөө бий. Харин энэ үзлийг Казак, Киргиз болон Өзбэкүүд бага ойшооно.

2 comments:

HORIDOIMERGEN said...

sonirholtoi baina. bas зүрхэндээ шингээсэн үзэл сурталаар хүчирхэгжсэн зарчимч чанар хүн бүхний оюун ухаанд байх ёстой gej ta ih zuv hellee. Manai undestnii uzeltnuuded zarchimch chanar dutaad baih shigee te.

erheme318 said...

Сайхан нийтлэл, их ч нарийн гүнзгий судалсан байна шүү, баярлалаа.

Дараагын хэсгийг хүлээж байгаа шүү! удаан байсан ч яахав, мартчихгүй л бол. Амжилт!