Saturday, 31 May 2008

Монгол үндэстний сонирхол


Язгууртныг яамтан орлов
Эзэнт гүрнээс иргэн улс болов
Энэ хоёр мөрөөр дэлхийн сүүлийн хэдэн зуун жилийн бүтээл болсон дэг жаягийг тодорхойлж болно. Европийн ард түмэн хэмжээгүй эрхт хаант засгийг халж; Ром, Грекийн үеэс улбаатай гэцгээсэн "ардчилал"-ыг эрхэмлэн үзэх болов. Английн Magna Corta, Францийн хувьсгал, АНУ-ын тусгаар тогтнол гээд цоо шинэ ардчилсан засаглалууд бий болцгоож байв. Зарим газар Британи, Японд болсон шиг хаанаа халалгүйгээр хэмжээг нь бууруулсан, парлиаментийн засаглал тогтоохыг эрмэлзэгчид гарсан боловч Дайчин гүрэн, Османы Эзэнт Гүрэн гээд задарч унах улсууд ч байв. Иймэрхүү үйл явдал Балба болон бусад зарим улсуудыг оруулбал одоо ч үргэлжилж байна. Колончлогчдын зүгээс барууны дэгтэй танилцаад байсан улсууд дараа нь хэлтэн, үндэстэн гэдэг шинэ дэг журамтай танилцаж, үндэстэн хэлтнээрээ өөрсдийн үндэстэн-улсуудыг байгуулан хуваагдаж эхлэв. Одоо ч Африкт "жинхэнэ утгаараа хуваагдахын" тулд цус асгаруулсаар байна. Хэдийгээр ардчилалыг дээдлэх тухай хүн болгон ярих боловч хүчтэй том үндэстэн-улсуудад ч бас энэ асуудал дээр өөрсдийн ноо байна. "Хүчтэй нь хүчгүйгээ дийлнэ" гэсэн хууль хэзээ ч гэсэн мөрдөгдөнө гэдэг нь зайлшгүй нэгэн дэг биз ээ.

Тэгэхээр энэ асар том өөрчлөлтийн хамгийн том тэсрэлт нь 20-р зууны эхэнд болсон гэж ойлгож болно. Энэхүү ардчилал гэдэг зүйлд хүрэх олон үзэл бодлын арга зам байх нь тодорхой бөгөөд нөгөө ардчилсан, ардчилахын төлөө тэмцсэн болон ардчилалыг олоход нь тусалсан ард түмнүүд коммунист, капиталист гэх арга замууд байна гэж үзээд дараа нь талцаж сонгоцгоон хоорондоо тэмцэлцэцгээв. Тэмцэл дуусаад овоо ч удсан гэж ойлгож болох он цаг нь өнөөгийн бидний амьдарч буй он цаг юм.

Энэ өөрчлөлтийн салхинд Чингисийн Монгол ямар зам замнав?

Нэгэн цагт Евразийн ихэнхийг эзлэсэн баатарлаг ард түмний их удирдагч Чингис Хааны удмынхны өв залгамжилсан язгууртай улсууд олноор байгуулагдсан боловч ихэнх нь соёл, хэл болон цусаараа уусч эцэст нь нэг нэгээрээ бусад улс орнуудад эзлэгдэв. Монголчуудын язгуурын нутаг оронд Юань улсыг Нанхиадуудад алдсан Хойт Юанийхан болон голчлон Цагаадайн Улсын залгамж Дөрвөн Ойрадууд гэж байснаа Манж Дайчин гүрний харьяа болсон боловч Чингис Хааны удмын ханхүү, тайж нар өөрсдийн аймаг, чуулгадын захирч байв. Дайчин гүрний унах үед олон Монгол язгууртан ноёд тусгаар улс болохыг зорин тэмцэж байв. Гэсэн хэдий ч аль Хойт Юань улсын үеэс Ар, Өвөр, Баруун гэж хуваагдсан байснаас улбаалсан уу, Гоминданы хүчнийхнээс ч болов уу нэгдсэн нэгэн бүхэл болж чадахгүй байв. Тэгсээр дэлхийд болж байсан урсгалыг даган нэг л мэдэхэд Алтайн Ойрад, Тагна Урианхай, Буриад, Халимаг нь Монголын цөмөөс салан Зөвлөлтийн харьяа болсон ба Зөвлөлтийн түнш БНМАУ, мөн Зөвлөлттэй түншлэн дотооддоо ялалт байгуулсан БНХАУ-ын харьяанд хамгийн том нь ӨМӨЗО болох хэд хэдэн Монгол автономит нэгжүүд бий болсон байв. Нөгөө үзэл бодлын тэмцэлдээн капиталистуудын ялалтаар төгссөн ба БНМАУ нь Монгол Улс болов. Зөвлөлт нь задран ОХУ болон хэд хэдэн бүгд найрамдах улсууд болсон боловч нөгөө Алтайн Ойрад, Тагна Урианхай, Буриад, Халимаг нь ОХУ-ын харьяа хэвээрээ үлдэв.

Одоо бид төрийг яамтан хамаарах иргэн улсуудын буюу бүгд найрамдах улсуудын иргэд. Монгол Улсын болон Монгол үндэстний ирээдүйд иргэн бүр санаа зовинон өөрсдийгөө болон бусдыг танин мэдэн мөн ч шинийг ирэлхийлэх учиртай билээ.

Үндэстэн-улсуудын эрин дэх Монгол үндэстний сонирхол нь Монгол үндэстэн ард түмний тусгаар тогтнол болон өөртөө засах эрхт байдлыг хамгаалах, соёлын бат холбоотой байх, эдийн засаг, нийгмийн хөгжилд эрэлхийлэх, Монгол гэсэн онцлогийг хадгалан цаг үетэйгээ нийцэн хөгжиж урагшлахыг хэлнэ. Ингэхдээ мөн л Хүний Эрхийн Нийтлэг Тунхаглалыг эрхэмлэн ах дүү бусад орнуудтай эв нэгдлийг эрхэмлэх хэрэгтэй билээ.